Мэргэн
2009-01-04
"NE BIS IN IDEM" ЗАРЧМЫГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ

Ангилал: Илтгэл, эссэ

Товч мэдээлэл

Оролцсон хурал, он: МУИС-Хууль зүйн сургуулийн 2007-2008 оны хичээлийн жилийн ОЭШБХ
Илтгэлийн сэдэв: "Ne bis in idem" зарчмыг баталгаажуулах нь
Илтгэгчийн нэр: Б.Мэргэн
Удирдсан багш: Байхгүй
Сургууль, анги: МУИС-Хууль зүйн сургууль, 4-1 анги
Үзүүлсэн амжилт: Оролцсон хурлынхаа тусгай байр, Ч.Өнөрбаяр багшийн нэрэмжит шагнал.

“NE BIS IN IDEM” ЗАРЧМЫГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ
(илтэлийн хураангуй)

          НЭГ. Сэдвийг сонгосон үндэслэл буюу илтгэлийн зорилго

          Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14(7) дахь заалт нь эрүүгийн хариуцлагыг дахвардуулан оногдуулахыг хориглох буюу “ne bis in idem” зарчмыг агуулсан бөгөөд түүнд “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн орны хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.” [1] гэж заасан байдаг. Эрүүгийн эрх зүйн тулгуур зарчмуудын нэг болох энэхүү “ne bis in idem” нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдаагүй. Харин эрүүгийн эрх зүйд “шударга ёсны зарчим” нэрээр хэрэглээнд орсон боловч үндсэн агуулга нь хангалттай илэрхийлэгдэж чадаагүй. Дээрх шалтгаануудын улмаас манай улсын хуулиудад нэг гэмт хэрэгт хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан хэм хэмжээ нэлээдгүй бий болж, улмаар хүний эрхийг зөрчихөд хүргэхээр байна хэмээн өөрийн зүгээс үзсэн болно. Иймээс
  • уг зарчмын агуулга алдагдсан шалтгааныг онолын үүднээс тайлбарлах, ингэснээрээ
  • нэг гэмт хэрэгт давхар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан хэм хэмжээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад багагүй буйг нээн илрүүлэх, эцэст нь
  • асуудлыг шийдвэрлэх өөрийн саналаа дэвшүүлэхэд илтгэлийн маань зорилго оршино.
Үүний тулд юуны өмнө “ne bis in idem” зарчмын тухай товчхон авч үзье.

          ХОЁР. “Ne bis in idem” зарчмын тухайд

          Эрүүгийн эрх зүй дэх шударга ёсны зарчим буюу “Ne bis in idem” нь утгачилбал, оногдуулж буй ял нь үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон байна, нэг гэмт хэрэгт нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн санааг агуулдаг бөгөөд Англо-Саксоны эрх зүйн бүлийн орнуудад “Double jeopardy clause” гэсэн нэр томъёогоор илэрхийлдэг.[2] Нэг гэмт хэрэгт хоёр хариуцлага хүлээлгэхгүй байх зарчим нь хууль зүйн шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудын Үндсэн хуулинд тусгагдсан байдаг бөгөөд тухайлбал, АНУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар нэмэлтэд: “….Үйлдсэн эрх зүйн нэг зөрчлийн төлөө хэний ч амь насыг хохироох, бие махбодийг зовоох ял ногдуулахаар заналхийлж, хоёр удаа шийтгэж болохгүй….”[3] хэмээн баталгаажуулсан бол Азийн орнуудаас Япон улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд: “…хэнийг ч нэг гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэж болохгүй.”[4] хэмээн мөн тусгагдсан байна.

          Ийнхүү улс орнууд “ne bis in idem” зарчмыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь хууль тогтоох эрх мэдлээс уг зарчимд нийцээгүй буюу нэг гэмт хэрэгт давхардуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хэм хэмжээг батлахгүй байх, баталлаа ч Үндсэн хуулийн шүүхэд хандах замаар уг хэм хэмжээг хүчингүй болгох, улмаар хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах боломжийг олгодог.

          Өмнө дурьдсанчлан Монгол Улсын хувьд энэхүү зарчмыг Үндсэн хуулиараа баталгаажуулаагүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн §6.2-т: “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг. Хэдий тийм боловч Монгол улсын эрүүгийн эрх зүйд “ne bis in idem” зарчмын агуулгыг хангалттай илэрхийлж чадаагүй гэж үзэж байна. Агуулгыг нь илэрхийлж чадахгүй бол Үндсэн хуульд тусгаад ч зарчим баталгаажихгүй. Манай эрүүгийн эрх зүйд дурдаж буй зарчмын агуулгыг хангалттай илэрхийлээгүйг нотлох дараагийн дэд сэдэвтээ оръё.

          ГУРАВ. Зарчим алдагдаж, эрх зөрчигдөх болсон шалтгаан

          Эдүгээ дэлхий дахинд хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг “эрүүгийн хэрэг”-т тооцон зөвхөн ноцтой гэмт хэргээр хязгаарлахгүйгээр эрх зүйн зөрчлийг бүхэлд нь “сrime” хэмээх ухагдахууны нийтлэгт хамаатуулан судалдаг жишиг нэгэнт тогтсон. Тухайлбал, Англи-Америкийн болон Ром-Германы бүлийн орнууд нийтлэг эрх ашигт халдсан эрх зүйн зөрчлийг “сrime” хэмээн ерөнхийлөн эрх зүйн хамгаалалтын тогтолцоогоо бүрдүүлдэг нь эдгээр орны хууль тогтоомжоос харагдана. Жишээ нь, АНУ-ын Нью-Йорк мужийн Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд “эрүүгийн хэрэг”-ийг felony, misdemeanor, зам тээврийн хэрэг, зөрчил гэсэн ангилалд, ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “эрүүгийн хэрэг”-ийг гэмт хэрэг, зөрчил хэмээн ангилдаг.[5] Мөн Францын Эрүүгийн хуульд Эрүүгийн хэргийг ноцтой эсэхээс нь хамааран гэмт хэрэг, зөрчил, ялимгүй хэрэг гэж ангилаад [6] хуулиар гэмт хэрэг болон зөрчлийг тодорхойлж ногдуулах ялыг тогтооно, журмаар ялимгүй хэргийг тодорхойлж, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор ялимгүй хэрэг үйлдэгчид ногдуулах шийтгэлийг тогтооно гэсэн байдаг. [7]

          Ийнхүү эрх зүйн зөрчлийг бүхэлд нь “crime” хэмээх нэгдмэл ухагдахуунаар илэрхийлснээр эрүүгийн, захиргааны, журмаар тодорхойлсон эсэхээсээ үл хамааран эрх зүйн зөрчил бүхэн “гэмт хэрэгт” (crime)-т тооцогддог. Өөрөөр хэлбэл хууль зөрчин хүний эрх, нийтлэг ашигт халдаж буй үйлдэл, эс үйлдэхүй бүр нь эрүүгийн хэрэг/crime, үндэсний эрх зүйн тогтолцооны бүхий л салбар эрх зүйн зохицуулалтыг хамгаалж хариуцлагаар ачаалж буй хэм хэмжээнүүд нь бүхэлдээ эрүүгийн хариуцлага/punishment болно.[8] Иймээс тодорхой нэг хуулинд үндэслэн хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь тухайн үйлдэлдээ өөр бусад хуулиар хариуцлага хүлээх үндэслэлгүй болгож “ne bis in idem” зарчим баталгааждаг гэсэн үг.

          Харин Монгол улсын хувьд дээрх зарчмыг нэлээд гажуудуулан Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг зөвхөн Эрүүгийн хуулиар тогтооно хэмээн томъёолсон. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ. Yйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно”[9], “Yйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно”[10], “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ”[11] гэж тус тус зааснаас харагдана.

          Дээрхээс үүдэн бидний нэрлэж дадсан захиргааны зөрчил буюу ноцтой бус гэж болох хэрэг, зөрчлийг “crime” хэмээх ухагдахууны гадуур орхигдуулсан. Ингэснээрээ захиргааны зөрчил нь эрүүгийн хэрэгт тооцогдохгүй болж, улмаар эрх зүйн зөрчил гаргасан этгээдийн нэг удаагийн үйлдэлд нь эрүүгийн хэрэг хэмээн эрүүгийн хуулиар, захиргааны зөрчил хэмээн бусад хуулиар давхар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хүний эрхийг ноцтой зөрчихөөр хэм хэмжээнүүдийг хууль тогтоох байгууллагаас нэлээдгүй баталж байна. Жишээ нь: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн §55.2-т “Энэ хуульд заасан зөрчил гаргаж, захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” хэмээн заажээ.

          ДӨРӨВ. Шийдвэрлэх арга зам буюу дүгнэлт

          Манай улсын Үндсэн хуульд ““NE BIS IN IDEM” зарчмыг тусгаагүй, мөн эрүүгийн эрх зүйд агуулгыг нь хангалттай илэрхийлээгүйн улмаас нэг хэрэгт давхар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хүний эрхийг ноцтой зөрчихөөр байна. Тиймээс:

          1. Үндсэн хуулинд ““NE BIS IN IDEM” зарчмыг бэхжүүлэх. Хууль тогтоох эрх мэдлээс Үндсэн хуулинд нийцсэн хэм хэмжээ батладаг учраас ингэснээрээ нэг зөрчилд хоёр буюу түүнээс дээш эрүүгийн хариуцлага давхардуулан хүлээлгэх хэм хэмжээ батлахаас хамгаалах;
          2. Эрүүгийн хууль дахь “эрүүгийн хэрэг” хэмээх ойлголтыг явцууруулсан хэм хэмжээг өөрчлөх. Ингэснээрээ зөвхөн Эрүүгийн хуулинд зааснаар нь бус хууль зөрчин хүний эрх, нийтлэг ашиг сонирхолд халдсан бүхий л үйлдэл, эс үйлдэхүй бүрийг эрүүгийн хэрэг хэмээн үзэж, улмаар дурдаж буй зарчмын агуулга хангалттай илэрхийлэгдэхэд түлхэц үзүүлж нэг зөрчилд нэг л эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн үзэж байна.



[1] http://www.legalinfo.mn/insys/list.php?tabclick1=0&vlett=%D0%98
[2] Энхцэцэг С. Эрүүгийн эрх зүй дэх давтан гэмт хэргийг авч үзэх нь. УБ., 2007. 2 дахь тал.
[3]
http://www.law.emory.edu/index.php?id=3080
[4]
http://www.solon.org/Constitutions/Japan/English/english-Constitution.html
[5] Эрдэнэбат Г. “Nullum crimen sine lege” зарчмын социалист хувилбараас үүдэлтэй өв уршиг. УБ., 2007
[6] Дам ишлэв. Эрдэнэбат Г. “Nullum crimen sine lege” зарчмын социалист хувилбараас үүдэлтэй өв уршиг. УБ., 2007. Article 111.1. Criminal offences are categorised as according to their seriousness as felonies, misdemeanours or petty offences
http://www.legislationline.org/upload/legislations/fc/44/e4c081a2fe81d7963b6e937113b6.htm - ээс үзнэ үү.
[7] Мөн тэнд. Article 111.2. Statute defines felonies and misdemeanours and determines the penalties applicable to their perpetrators. Regulations define petty offences and determine the penalties applicable to those who commit them, within the limits and according to the distinctions established by law. Мөн тэнд
[8] Эрдэнэбат Г. “Nullum crimen sine lege” зарчмын социалист хувилбараас үүдэлтэй өв уршиг. УБ., 2007
[9] Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйл
[10] Мөн тэнд 3.1 дугаар зүйл
[11] Мөн тэнд 16.1 дугаар зүйл


Comments

2010-10-06 -

Бичсэн: Анахай

Мэргэн гэж манай дээд төгсөлтийн ах мөн шэг бйана.. баярлалаа алга ташилт

. Шууд холбоос


2010-10-05 - TY

Бичсэн: 123 (зочин)

tytytytytyty гоё шүү эргэлзэх баяртай байна алга ташилт 1228

. Шууд холбоос


2010-03-30 -

Бичсэн: Зочин

ярзайтал инээх эргэлзэх тэврэлт үнсэлт хайртай гоё шүү

. Шууд холбоос



Бичлэг: 32 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax