Мэргэн
2009-01-04
ИРГЭНИЙ НЭР ТӨРИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮНИЙГ ШҮҮХ ХЭРЭГЛЭЖ БУЙ БАЙДАЛ

Ангилал: Илтгэл, эссэ

Товч мэдээлэл

Оролцсон хурал, он: Бүгд Найрамдах Улс тунхагласны 83 жилийн ойд зориулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний төв, Нээлттэй академи ТББ-аас хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Эрх зүй ба хөгжил” сэдэвт ОЭШБХ. 2007 он
Илтгэлийн сэдэв: Иргэний нэр төрийг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, түүнийг шүүх хэрэглэж буй байдал (Иргэний хуулийн 21.2, 511.1 дэх заалтын хүрээнд)
Илтгэгчийн нэр: Б.Мэргэн
Удирдсан багш: Байхгүй
Сургууль, анги: МУИС-Хууль зүйн сургууль 4-1 анги
Үзүүлсэн амжилт: Оролцсон хурлынхаа дэд байр, хувийн эрх зүйн салбарын шилдэг илтгэгч.

ИРГЭНИЙ НЭР ТӨРИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН
ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮНИЙГ ШҮҮХ ХЭРЭГЛЭЖ БУЙ БАЙДАЛ
(Иргэний хуулийн §21.2, §511.1 дэх заалтын хүрээнд)

Агуулга

          1. Нэр төртэй байх эрхийн үндэс
          2. Иргэний нэр төрийг Иргэний хуулиар хамгаалсан нь
          3. Шүүхээс нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийг шийдвэрлэх тухайд
                    3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх
                    3.2. Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг тогтоох
          4. Монгол улсын шүүхийн практик
          5. Дүгнэлт

          НЭГ. Нэр төртэй байх эрхийн үндэс

          Хүний эрхэмсэг чанар болон хүний бие хүн болох шинж чанар нь түүнд эрх зүйн этгээд болох шинж чанарыг олгож буй ба хүн зөвхөн оршин байгаа гэдгээрээ л тодорхой эрхүүдийг эдэлдэг. Үүнийг хүний эрх гэдэг. Ийм эрхүүд нь хүний натуртай холбоотой буюу тэдгээр нь заяамал, төрөлхийн эрхүүд байдаг бөгөөд тэдгээрт “тодорхой байх” шинж чанар дутдаг учраас шууд хэрэгжүүлэх боломжгүй. Энэ дутагдлаас ангижруулахын тулд “тодорхой байх” шинж чанарыг “олгож” амьдралд хэрэгжүүлэхийн үүднээс тэдгээрийг төрийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулахыг эрмэлзэж улс орнуудын Үндсэн хуулиудаар бэхжүүлдэг.[1] Хүний болон иргэн хүний эрх зүйн байдлыг хангахад суурь ач холбогдолтой Үндсэн хуулинд бэхжигдсэн эдгээр эрхүүдийг үндсэн эрх гэнэ.

          Үндсэн эрхүүдийн суурь эрхүүд нь Бастиагийн хэлсэнчлэн “Хүн бүрт амьдралын шаардлагаас нь үүдэн гардаг өөрийн бие /амь амьдрал/, эрх чөлөө, өмч хөрөнгөө хамгаалах заяамал эрх юм.[2] /Локк ч бас ингэж үзэж байв/ Эдгээр эрхийн нэгдмэл зүй ёсны байдал нь хүний эрхэмсэг чанараар илэрхийлэгдэж хамгаалагддаг. Энэ ч утгаараа XX зууны үед үндсэн эрхийн үндэс нь хүний эрхэмсэг чанар гэсэн санаа нэлээд дэлгэрсэн ба орчин үеийн либераль ардчилсан төрүүдийн Үндсэн хуулинд уг санаа бэхжигдсэн юм[3]. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хууль (1949) чухамхүү энэ эрхээр эхэлдэг ба түүний нэгдүгээр зүйлд “Хүний эрхэмсэг чанар халдашгүй байна. Түүнийг хүндэтгэх ба хамгаалах нь төрийн бүх эрх мэдэлтний үүрэг мөн”[4] гэсэн байдаг бол ОХУ-ын Үндсэн хуулийн (1993) 21 дүгээр зүйлд “Достоинство личности охраняется государством. Ничто не может быть основанием для его умаления” гэж бэхжүүлсэн байна.

          Ийнхүү үндсэн эрхүүдийн суурь эрхүүд нь эрхэмсэг чанараар илэрхийлэгдэж хамгаалагддаг юм бол эрх зүйн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн орнууд Үндсэн хуульдаа үндсэн эрх хэмээн бэхжүүлсэн байдгийн хувьд нэр төртэй байх эрхийн үндэс нь эрхэмсэг чанар юм.

          ХОЁР. Иргэний нэр төрийг иргэний хуулиар хамгаалсан нь

          Эрх зүйн ерөнхий онолын хүрээнд нэр төртэй байх эрхийн үндэс нь эрхэмсэг чанар байж тэр нь босоо түвшинд Үндсэн хуулиар хамгаалагддаг бол Иргэний эрх зүйд хүн зүгээр л оршин байгаагийнхаа хувьд эдлэх ёстой эрхүүдийг нь хамгаалах замаар эрхэмсэг чанарыг хэвтээ түвшинд бэхжүүлдэг. Үүний тулд Иргэний эрх зүйгээр иргэний нэр, дүрс, нэр төр, алдар хүндийг хамгаалдаг. Эдгээрийг товчхон авч үзвэл:

          1. Иргэний нэр: Нэр нь хүний салшгүй хэсэг болох хувьдаа иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлж[5] буй нэг хэлбэр бөгөөд иргэний эрх зүйн бүх эрхийг зөвхөн өөрийн нэрээр олж авдаг. Тиймээс тухайн субъектээс өөр бусад этгээд түүний нэрийг ашиглан иргэний эрх олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл хийх, ашиг хонжоо олох, олон нийтийг төөрөгдөлд оруулах[6] зэргээс Иргэний эрх зүй хамгаалж байдаг.
          2. Иргэний дүрс: Хүний дүрс нь түүнийг хүн болохынх нь хувьд хэлбэр талаас нь тодорхойлж байдаг бөгөөд Иргэний эрх зүйгээр хүнийг гутаах зорилго агуулаагүй ч иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ямарваа нэгэн хэлбэрээр дүрслэн нийтэд тараасны улмаас түүнд гэм хор учрахаас хамгаалж байдаг.[7]     
          3. Иргэний нэр төр, алдар хүнд: Нэр төр гэдэг бол иргэний ашиг сонирхол, ёс зүй, ажил хэргийн болон мэргэжлийн чадварын эерэг үнэлэмж буюу эрх зүйн үнэт зүйл, бусад этгээдээс түүнд өгөх үнэлгээ юм. Харин алдар хүнд нь хүний нэр төртэй нягт уялдаа холбоо бүхий категори бөгөөд нийгэмд эзэлж буй байр суурийн илрэл. Өөрөөр хэлбэл нийгмээс түүнд өгсөн үнэлгээнд үндэслэн түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж юм.[8] Үүнийг дэлгэрүүлэн авч үзье.

          ХБНГУ-д хүний нэр төр, алдар хүндийг амины эрх хэмээгээд хүн өөрөө өөрийгөө тодорхойлох буюу тодруулж хэлбэл, тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрхтэй гэж үздэг. Энэ нь бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамааран тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр тараагдсан мэдээлэл бусад этгээдүүд түүнийг өөрийнх нь хүсээгүй байдлаар үнэлэхэд хүргэсэн нь шүүхээр нэр төрөө сэргээлгэх үндэслэл болдог гэсэн үг.

          Монгол улсын хувьд Үндсэн хуулийнхаа 17 дугаар зүйлийн §17.1.2-т “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ”[9] гээд хэрэгжих эрх зүйн үндэслэлийг нь Иргэний хуулийн холбогдох заалтуудад тусгасан. Тухайлбал, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн §21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”[10] 511 дүгээр зүйлийн §511.1-т “Бусдын нэр төр , алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”[11] гэжээ.

          ГУРАВ. Шүүхээс нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийг шийдвэрлэх тухайд

          Шүүх эрх мэдлийн үндсэн чиг үүрэг нь бусдын дур зорго хийгээд халдлагаас иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, учирсан хохирлыг арилгуулах, эрхийг зохих түвшинд нь эргүүлэн сэргээх явдал юм. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд шүүхээс нэр төр сэргээлгэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байж, тохиолдол бүрийн онцлог шинжийг харгалзан үзэж үндэслэлтэй шийдвэр гаргах нь нэн чухал.

          Ийнхүү шүүхээс нэр төр сэргээлгэхтэй холбоотой маргааныг хянан үзээд:

                    1. нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх;
                    2. эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг тогтоох гэсэн хоёр асуудлыг давхар шийдвэрлэдэг.

          Шүүхээс шийдвэрлэл зохих дээрх 2 асуудлыг тус тусад нь авч үзье.

          3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх

          Өдгөө эрх зүйн ямар бүлд харъяалагддагаас үл хамааран АНУ хийгээд Европын зарим улсын шүүхүүд иргэний нэр төр сэргээхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ нийтлэг хэд хэдэн зарчмыг баримтлах болсон бөгөөд энэ нь онолын түвшинд хөгжжээ. Үүнийг харьцуулсан эрх зүйн нэрт эрдэмтэн Кристофер Осаквегийн “Харьцуулсан эрх зүй судлал”[12] хэмээх бүтээлээс харж болно.

          Дээр дурдсан улсуудын шүүх нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг тохиолдол бүрийн онцлог шинжид тулгуурлан шийдвэрлэдэг байна:

                    а/ Америкт төрийн өндөр албан тушаалтан хийгээд олон нийтэд алдартай хүмүүст хувийн нууц гэж байхгүй бөгөөд байх ч ёсгүй гэж үздэг.[13] Тиймээс ч тэдний тухай мэдээлсэн нь нэр төрийг нь шууд санаатайгаар гутаах, ингэснээрээ тэдэнд хохирол учруулах зорилгыг агуулсан байгаад түүнийг нь мэдээлэл тараасан этгээд бус хохирогч өөрөө нотолсон тохиолдолд л шүүх хэргийг авч хэлэлцдэг. Энэ нь хэрвээ олон нийтэд алдартай хүний тухай мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй гэж үзвэл тэрээр өөрөө няцаах үүргийг хүлээнэ гэсэн үг юм.[14]
                    Харин энгийн иргэний хувьд түүний тухай мэдээлсэн нь бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэлийн шаардлагыг хангадаг байна. Үүний тулд мэдээлэл тараагдсанаар тухайн иргэнийг бусад этгээд өөрийнх нь хүсээгүй байдлаар үнэлэхэд хүргэсэн гэдгийг нотлоход л хангалттай.
                    б/ Үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор иргэний тухай мэдээлсэн нь түүний нэр төрд халдсан хэмээн үзэх үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдал гэдгээр шалтаглан иргэний нэр төрд халдахаас урьдчилан сэргийлэхийн тулд улс бүр Үндэсний аюулгүй байдал гэдэгт юуг хамааруулан ойлгохыг өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг.

          3.2. Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг тогтоох

          Иргэний нэр төрд халдан түүнд эдийн бус гэм хор учруулснаас үүсэх хохирлын хэмжээг нарийн тодорхойлох нь онолын хувьд боломжгүй. Иймээс эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг тогтоох нь шүүгчийн итгэл үнэмшил, дотоод үзэмжийн асуудал бөгөөд тийнхүү шийдвэр гаргахдаа Германы эрдэмтдийн боловсруулсан “Хүрээ хязгаарын онол”-д үндэслэж болох юм. Энэхүү онол нь нийгмийн харилцаанд оролцож буй хүний амьдралыг 5 хүрээнд хуваан авч үздэг. Үүнд:
                    - Олон нийтийн буюу олон нийттэй харилцаж буй хүрээ;
                    - Индивидуал буюу төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, ойр дотны хүмүүстэйгээ харьцаж буй хүрээ;
                    - Нууцын буюу өдрийн тэмдэглэл, захидал, харилцаа холбоо, эрүүл мэндийнх нь талаархи асуудлын хүрээ;
                    - Энтим буюу бэлгийн амьдралын хүрээ;
                    - Хувийн амьдралын буюу гэр бүлийн харилцаан дахь хүрээ тус тус хамаарна.

          Хүрээ хязгаарын онол нь хүний амьдралын дээрх хүрээнүүдийг эрэмбэлсний үндсэн дээр шүүгчид хариуцагч иргэний нэр төрд халдахдаа аль хүрээнд холбогдох мэдээллийг гуравдагч этгээдэд тараасныг нь үндэслэл болгон эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг дотоод үзэмжээрээ тогтооход тусладаг. Тухайлбал, олон нийтийн хүрээнд халдсаныг гэм хор учруулсанд төдийлөн тооцдоггүй бол энтим, хувийн амьдралын болон нууцын хүрээнд халдсан тохиолдолд ноцтой гэм хор учирсан гэж үздэг.

          Мөн шүүгч тухайн мэдээлэл санаа бодлоо илэрхийлэх замаар тархсан[15] нь илэрхий байвал эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг багасган тогтоох шаардлагатайг анхаарах нь зүйтэй юм.

          ДӨРӨВ. Монгол улсын шүүхийн практик[16]

          Нийслэлийн 6 дүүргийн шүүхэд 1999-2001 онд зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухай 79 иргэний маргаан шийдвэрлэгдэж, тэдгээрээс 47 нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж байжээ.[17] Түүнээс хойш албан ёсны тоо баримт гараагүй хэдий ч Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлүүдэд заасан иргэний нэр төрийг хамгаалах, эдийн бус гэм хорыг арилгах тухай зохицуулалтын хүрээнд иргэд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсаар байна. Ийм төрлийн нэхэмжлэлтэй иргэний маргааныг шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэж байгаа, тэрхүү шийдвэр нь онолын болон хууль зүйн үндэслэлтэй эсэх, эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг тогтоохдоо юуг шалгуур болгож байгаа зэргийг шүүхийн шийдвэрүүдээс авч үзье.

          ¹1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 823 дугаар шийдвэр. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Г: “Иргэн Б намайг 20 гаруй хүмүүсийн дэргэд 50 сая төгрөг Ж-ээс авсан хэмээн гүтгэсэн. Үүнээс болж сэтгэл санаа хямарч, бие өвдөх болсон. Нэр төрийг минь сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг төлүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө гаргасан тайлбартаа: Г-ийн нэр хүнд ямар байдалд байдгийг олон түмэн мэднэ. Иймд нэр алдартай хүний нэр хүндэд халдсанаараа хэрэг илүү ноцтой байна” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: “Хариуцагч Б Г-ийн талаар ярьсан зүйлийнхээ үнэн зөв болохыг нотлоогүй байна. Эрх нь зөрчигдсөн Г-ийн шаардлагаар уг мэдээх няцаах үүрэгтэй. Харин эдийн бус гэм хорыг арилгуулахдаа нэхэмжлэлийн шаардлагын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж бичсэн байна.

          Анхан шатны шүүхийн шийдвэр онолын түвшинд авч үзвэл үндэслэлгүй байна. Учир нь Засаг дарга Г төрийн өндөр албан тушаалтан болохынх хувьд Б түүнийг Ж-ээс 50 сая төгрөг авсан байж болзошгүй хэмээн хардах эрхтэй бөгөөд энэ ч үүднээс иргэн Б шүүхийн өмнө Г-г 50 сая төгрөг авсан болохыг нотлох бус эсрэгээрээ Г өөрөө 50 сая төргөг Ж-ээс аваагүй болохоо нотлох үүрэгтэй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 10 хувийг хангасан үндэслэл нь тодорхойгүй бөгөөд цөөнгүй тооны шүүхийн шийдвэрүүдийг харж байхад эдийн бус гэм хорыг арилгахдаа нэхэмжлэлийн шаардлагын 10 орчим хувиар хэжмээг нь тогтоодог практик манайд тогтсон нь ажиглагдсан.

          ¹2. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 296 дугаар магадлал. Иргэн Ч Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ү” сонинд нийтлэгдсэн “Б-ийн бас нэг шоу эхэллээ” гарчиг бүхий нийтлэлд иргэн намайг сул дорой, хүний үгэнд автамтгай, ашиглагдаж болох, сэтгэл мэдрэлийн өвчтэй шахуу, оюун ухааны хомсдолтой, хэрэг түвэгт холбогдож байсан мэтээр нийгмийн дунд өөрийгөө жолоодох чадваргүй гэж дүгнэн бичиж нэр төрийг минь орон даяар гутаан доромжилсонд гомдолтой байна. Иймд миний нэр төрийг сэргээж, сэтгэл санааны хохиролд бүгд 5 сая төгрөг нэхэмжилж байгааг “Ү” сонины газраас гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: “ Нийтлэлд Ч-ийн нэр төрийг гутаасан боловч бодит байдал, албан ёсны эх сурвалжаар нотлогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн §21.2 дэх заалтыг буруу хэрэглэсэн болно.” гэсэн байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан үзээд “хариуцагч нэхэмжлэгчийн талаар үнэн бодит мэдээлэл бичсэн гэж тайлбарласан нь шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Эдийн бус гэм хорыг арилгуулахаар 1 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэжээ.

          Нийслэлийн давж заалдах шатны шүүх онолын түвшинд үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Илтгэлийнхээ 3 дахь дэд хэсэгт тайлбарласанчлан энгийн иргэний талаарх мэдээлэл нь үнэн байх эсэхээс үл хамааран түүний тухай бусад этгээд өөрийнх нь хүсээгүй байдлаар үнэлэхэд хүргэвэл нэр төрд нь халдсан гэж үздэг. Давж заалдах шатны шүүгч шүүгч шийдвэр гаргахдаа чөлөөтэй хөвөх зарчмын дагуу маргаан хянан шийдвэрлэж буй хуулийнхаа үг үсэгхэн төдийд захирагдалгүй, түүний ерөнхий зарчим, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн, эрх зүйн ерөнхий онолын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

          Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар дээрх онолын эсрэг байр суурьтай байгаа нь харагдаж байна. Энэ нь огт үндэслэлгүй зүйл биш бөгөөд тэрээр иргэний хуулийн 21.2 дах заалтын “үнэн зөвийг нотолж чадахгүй бол”, 511.1 дэх заалтын “бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол” гэсэн хуулийнхаа хэм хэмжээг үндэслэсэн байна. Судалгаа хийх явцад Монгол улсын шүүхийн практикт ихэнх тохиолдолд Иргэний хуулийн дээрх заалтуудыг шууд хэрэглэн маргааныг шийдвэрлэдэг нь харагдаж байсан юм. Үүний нэгэн жишээг дор авч үзье.

          ¹3. УДШ-ийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар тогтоол. Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэгэн жагсаал, цуглааны үеэр “О” телевиз надаас ярилцлага авсан. Тэр оройдоо намайг зурагтаар гарган намайг согтуу жагсаалд оролцож байна, архичин гэж доромжилсон. Иймээс нэр төрийг минь сэргээх, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилж байна” гэжээ. Хариуцагч “О” телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө шүүхэд гаргасан тайлбартаа: “Жагсаалд улс төрийн зорилготой, орилж дайрсан согтуу хөлчүү хүмүүс байсан. Н-ээс авсан ярилцлагатай мэдээний эх материал бидэнд байгаа учраас түүний талаар мэдээлсэн зүйлээ нотолж чадна.” гэжээ. УДШ хэргийг хянаж үзээд: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн баримталсан хуулийн зүйл, заалт зөв байна. Н-ийн хяналтын гомдлыг үндэслэн шийдвэр, магадлалыг өөрчилж, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл алга” гэжээ.

          ТАВ. Дүгнэлт

          Эрх зүйн шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудын шүүхүүд нь нэр төр сэргээлгэх нэхэмжлэл бүхий маргааныг шийдвэрлэхдээ тухайн тохиолдол бүрийн онцлог шинжийг харгалзан үздэг байна. Тухайлбал, олон нийтэд алдартай хүн өөрөө өөрийгөө бусдаар хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх амины эрх буюу нэр төртэй байх эрх нь жирийн иргэнийхээс хязгаарлагдмал байж, өөрийнх нь тухай бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж үзвэл түүнийгээ нотлох үүргийг өөрөө хүлээдэг. Харин жирийн иргэний хувьд өөрөө л хүсээгүй бол үнэн эсэхээс үл хамааран өөрийнх нь тухай мэдээлэл тараасныг нэр төрд нь халдсан гэж үзэх давуу эрхтэй байдаг.

          Гэтэл манай улсын Иргэний хуулийн 21.2, 511.1 дэх заалтууд мэдээлэл тараасан этгээд түүнийхээ бодит байдалд нийцэж байгааг нотлох үүрэгтэй болохыг шууд зааж өгсөн нь тийнхүү нотолж чадвал бусдын нэр төрд халдсан гэм хороо арилгахгүй, бүр нэр төрд нь халдаагүй гэж үзэх хууль зүйн боломжийг бүрдүүлж, шүүхийн практикт хэрэглэгдэн, тэр чинээгээрээ иргэний бусдаар өөрийгөө өөрийнхөө хүссэнээр үнэлүүлэх эрхэмсэг чанарт нь халдаж байна.

          Иймээс нэг талаас Иргэний хуулийн нэр төр хамгаалахтай холбоотой хэсэгт зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах, нөгөө талаас шүүгчид шүүгч шийдвэр гаргахдаа чөлөөтэй хөвөх (маргааныг онолын түвшинд харах) зарчмыг баримтлан одоогийн Иргэний хуулийнхаа гажгийг шийдвэр гаргах замаар засч залруулах шаардлагатай юм.




[1] Сарантуяа Ц. Эрх зүй сэтгүүл ¹1/2. Үндсэн эрх болон хүний эрх: харьцуулалт, онолын эргэцүүлэл. УБ.,2000. 19 дэхь тал.
[2] Claude-Frederic Bastiat. The Law. /www.bastiat.com/
[3] Сарантуяа Ц. Эрх зүй сэтгүүл ¹1/2. Үндсэн эрх болон хүний эрх: харьцуулалт, онолын эргэцүүлэл. УБ.,2000. 19 дэхь тал
[4] Ведомство печати и информации федерального правительства. Основной закон Федеративной Республики Германия.13 дахь тал.
[5] Бат-Өлзий Д. Иргэний эрх зүй I. УБ., 2003. 56 дахь тал.
[6] Монгол улсын иргэний хуулийн тайлбар (ерөнхий анги). УБ., 2005. 73-74 дэхь тал.
[7] Мөн ном. 74 дэхь тал.
[8] Осакве К. Харьцуулсан эрх зүй судал. УБ., 2005. 227 дахь тал.
[9] Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл ¹1. УБ., 1992.
[10] Иргэний хууль. Төрийн мэдээлэл ¹7. УБ., 2002.
[11] Мөн тэнд.
[12] Осакве К. Харьцуулсан эрх зүй судал. УБ., 2005
[13] Осакве К. Харьцуулсан эрх зүй судал. УБ., 2005. 215 дахь тал.
[14] 1964 онд АНУ-ын Дээд шүүх “New-York Times v. Sullivan” нарын хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэртээ дээрхи эрх зүйн журмыг баталгаажуулсан нь хожим европын улсуудын эрх зүйн тогтолцоонд жишиг болон хэрэглэгдэх болсон.
[15] Осакве К. Харьцуулсан эрх зүй судал. УБ., 2005
[16] Монгол улсын шүүхийн шийдвэрийн эмхтгэл. Иргэний хэрэг. УБ.,2006
[17] Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, гүтгэсэн хэрэг маргааныг шүүхэд шийдвэрлэсэн талаархи судалгааны тайлан. Сэтгүүлч ба хууль. УБ., 2001


Comments

2011-12-14 -

Бичсэн: Зочин

улайх миа sleepy sleepy rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor

. Шууд холбоос


2009-12-12 -

Бичсэн: Зочин

алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт







сайн юмаа










алга ташилт applause

. Шууд холбоос


2009-12-12 -

Бичсэн: Зочин

алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт applause

. Шууд холбоос


2009-04-15 -

Бичсэн: Зочин

rolling eyes broken heart broken heart

. Шууд холбоос


2009-02-19 -

Бичсэн: Зочин

amjilt husey. dahiad sain material olj unshaarai.
unentugs

. Шууд холбоос



Бичлэг: 33 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax