Мэргэн
2009-01-04
ХҮНИЙ ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ ҮНДСЭН ЭРХ ҮҮ? ЭСХҮЛ…

Ангилал: Илтгэл, эссэ

Товч мэдээлэл

Оролцсон хурал, он:
     1. МУИС-Хууль зүйн сургуулийн 2006-2007 оны хичээлийн жилийн ОЭШБХ;
     2. “Эврика” багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал;
     3. Мастер-2007 ОЭШБХ.
Илтгэлийн сэдэв:  Хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх үү? эсхүл…
Илтгэгчийн нэр:  Б.Мэргэн
Удирдсан багш:  Ч.Өнөрбаяр
Сургууль, анги:   МУИС-Хууль зүйн сургууль, 3-1 анги
Үзүүлсэн амжилт:
     МУИС-Хууль зүйн сургуулийн 2006-2007 оны хичээлийн жилийн ОЭШБХ-ын тусгай байр, Германы эрдэмтэн      Юргин Харбехын нэрэмжит шагнал.

Хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх үү? эсхүл…

     Сэдэв сонгох болсон тухайд 

      “…Dignity /Menschenwurde-герман, Достоинство-орос/ гэх хүний уг чанарын энэ ойлголтыг бид нэр төр, эрхэмсэг оршихуй, хүнлэг байдал, хүндэтгэл хүлээх эрх гэх мэт олон янзаар орчуулж хэрэглэдэг. Үнэхээр ч энэ үгэнд эдгээр олон шинж нэгэн зэрэг агуулагдаж, хүний өөрийнх нь хүн байгаагийн учир, утгыг илэрхийлж байдаг. Германчууд Үндсэн хуулийнхаа 1 дүгээр зүйлд “Хүний нэр төр, эрхэмсэг оршихуй-д халдаж болохгүй. Түүнийг хүндэтгэх нь төрийн үүрэг” хэмээн хүний мөн чанар, түүний үнэ цэнийг онцгойлон тодотгож, иргэний хүсэл, мөрөөдөл, нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэхийг төрдөө хууль болгосон. Гэтэл манайд иргэн бус төр нэр төртэй, иргэний бус төрийн нэр төр халдашгүй дархан, иргэд нь иргэнээ гутаан доромжилж төрийн нэр, төрд санаа зовдог болжээ...”[1] хэмээн хүсэл мөрөөдөл, үзэл бодлынхоо илэрхийлэл болсон албаны бус хувцаснаасаа болж төрийн ордонд орж чадалгүй үүднээс нь хөөгдсөн тухайгаа бухимдангуй бичсэн багшийнхаа нийтлэлийг 2 жилийн өмнө уншсан юм. Тэрхүү нийтлэлийн “-…албаны бус хувцастай хүнийг төрийн ордонд оруулахгүй гэж хуулиар хориогүй атлаа журмаар хорьж…” гэсэн хэсэг анхаарлыг минь татаж манай улсын төр иргэнийхээ эрхэмсэг оршихуйг журмаар хязгаарлах болсон шалтгааныг судлахаар шийдсэн билээ. Үүнийг тодруулахын тулд юуны өмнө үндсэн эрх гэж юу болох Үндсэн хуулинд хэрхэн баталгаажсан болон хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх мөн үү? гэдгийг тодруулъя

     Үндсэн эрх Үндсэн хуулиар баталгаажсан нь

     Иргэний үндсэн эрх нь эн тэргүүн төрөөс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхийн эсрэг эрх зүйн хамгаалалт юм. Түүхэн нөхцөл байдлын хувьд жам ёсны эрх нь хүмүүсийн бий болгосон (позитив) эрхээс давуу гэсэн үзэл МЭӨ V зууны Грект анх төлөвшиж энэ үеэс бурхан тэнгэр хүн бүрийг тэгш байхаар бүтээсэн төдийгүй хэнийг ч боол болгоогүй гэсэн үзэл санаа бий болсон. Эртний сэтгэгч Аристотель “Аливаа хууль нь нэгэн төрлийн (жам ёсны) эрхэд үндэслэж байдаг бөгөөд хэрэв тиймгүй бол хууль нь хэмжээгүй эрхт ноёрхлын хэрэгсэл болж хувирна” [2] гэж хэлжээ. Түүний үзлийг цааш хөгжүүлсэн ромын хуульч Цицерон “Жинхэнэ хууль гэдэг нь байгалийн хууль, зүй тогтолд нийцсэн, хүн бүрт хамаатай, мөнхийн ухамсар юм”[3] гэж тэмдэглэсэн нь бий. Хожим сонгодог жам ёсны эрх зүйчид энэхүү эрхийг “салгаж боломгүй”, “өөрчлөгдөшгүй”, “мөнхийн” гэсэн янз бүрийн томъёоллоор ойлгож ирсэнээс тэдгээр нь өөр хоорондоо сөргөлдөхөд хүрсэн байна[4]. Улмаар энэ нь дундад зууны Европ дахиныг бүхэлд нь эзэмдсэн абсолютизмын эхлэл болсон юм. Үүний шалтгааныг зарим судлаачид бичмэл Үндсэн хууль байгаагүйтэй холбон тайлбарладаг.[5] Хэмжээгүй эрхт хаант засгийг хамгаалсан абсолютизмыг эсэргүүцэж, эрх чөлөөт, Үндсэн хуульт ёс бүхий ардчилсан төртэй байхыг шаардсан анхны онолч бол Жон Локк юм. Орчин үеийн Үндсэн хуульт ёсны онолоор хүний жам ёсны эрх нь эрх зүйн үндсэн хэм хэмжээ хийгээд зарчмуудад зайлшгүй тусгалаа олсон байх ёстой. Ингэж байж гэмээнэ үндсэн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан, төрийн эрх мэдлийг хязгаарлах хүчин чадалтай, шууд үйлчлэх эрх зүй болж чадна гэж тэрээр үзсэн.. Австрийн хуульч, эрх зүйн онолч Ханс Кельзен “Эрх зүйн цэвэр онол” бүтээлдээ эрх зүй өөрөө өөрийнхөө ертөнцийг цогцлуулахын тулд бусад бүх хэм хэмжээг бүтээх Үндсэн хэм хэмжээ байхад л хангалттай[6] гэж бичсэн нь орчин үеийн үндсэн хуульт ёсны онолыг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн юм. Кельзений үндсэн хэм хэмжээ нь аливаа улсын Үндсэн хуулинд тусгалаа олдог байна. Тиймээс Үндсэн хуулийг “...хамгийн дээд зарчим буюу хэм хэмжээнүүдийн хэм хэмжээ...” гэж тодорхойлдог. Энэ нь үндсэн эрхтэй зөрчилдөж буй бүхий л захиргааны акт, шүүхийн шийдвэр, тэр ч бүү хэл хууль хүртэл алдаатайд тооцогдоно гэсэн үг. Товчхондоо хүний эрхэмсэг оршихуй нь үндсэн эрх мөн бол түүнтэй зөрчилдөж буй төрийн зохих байгууллагаас баталсан журам хүчин төгөлдөр байх ямар ч үндэслэлгүй юм. Эндээс дараагийн асуудал буюу эрхэмсэг оршихуй үндсэн эрх мөн үү? гэсэн асуулт урган гарч байна.

      Хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх мөн үү?

      Үндсэн эрхүүдийн суурь эрхүүд нь Локкийн хэлсэнчлэн “Хүн бүрийн төрөлхөөсөө амьд явах, халдашгүй байх, өмчлөх гэсэн заяамал эрхүүд юм” /Бастиа ч бас ингэж үзэж байв/[7] Эдгээр эрхийн нэгдмэл зүй ёсны байдал нь хүний эрхэмсэг оршихуйгаар илэрхийлэгдэж хамгаалагддаг. Энэ ч утгаараа XX зууны үед үндсэн эрхийн үндэс нь хүний эрхэмсэг оршихуй гэсэн санаа нэлээд дэлгэрсэн ба орчин үеийн либераль ардчилсан төрүүдийн Үндсэн хуулинд уг санаа бэхжигдсэн юм[8]. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хууль (1949) чухамхүү энэ эрхээр эхэлдэг ба түүний 1 дүгээр зүйлд “Хүний нэр төр халдашгүй байна. Түүнийг хүндэтгэх ба хамгаалах нь төрийн бүх эрх мэдэлтний үүрэг мөн”[9] гэсэн байдаг. Германы иргэд Үндсэн хуулинд заасан өөрийнх нь үндсэн эрх хууль тогтоох, гүйцэтгэх эсхүл шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэрээр зөрчигдөж байна хэмээн үзвэл үндсэн хуулийн түвшинд сэргээлгэх эрхтэй байдаг бөгөөд 1951 онд шүүх байгуулагдсанаас хойш 1-р зүйлийг зөрчсөн тухай 100000 /зуун мянга/ гаруй гомдол гарсан буюу энэ нь нийт маргааны 97%-ийг эзэлж байна. [10] Тэдгээрийн ихэнх нь бусад үндсэн эрхийг зөрчсөн тухай гомдол байсан. Бусад гэдгийн учир нь хүний эрхэмсэг оршихуй нь бусад бүх үндсэн эрхийнхээ агуулга болдгийн хувьд тэдгээрийг төрийн зүгээс зөрчсөнийг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийг давхар зөрчиж байна хэмээн үздэгт оршино.

     Философич Дэвид Боаз “Либертарианизм” номондоо “Хүний үндсэн эрхийн үзэл баримтлалын гол агуулга нь эрхэмсэг оршихуй буюу өөрөө өөрийгөө мэдэх эрх юм”[11] гэсэн байдаг. Локкын тодорхойлсон суурь эрхүүдэд эрхэмсэг оршихуй буюу өөрөө өөрийгөө мэдэх эрхийн агуулга хэрхэн илэрхийлэгддэгийг товчхон авч үзье.

     Хүнд оюун ухаан, бие махбодь нэгэнт заяагдмал байдгаас хойш амьдрах эрхтэй. Харамсалтай өнөө үед “амьдрах эрх” гэсэн нэр томъёог хоёр янзаар будилуулж байна. нэгдүгээрт, “амьдрах эрх”-ийг үр хөндөлтийн эсрэг төрөөгүй хүүхдийн эрхийг хамгаалах үедээ хэрэглэдэг. Хоёрдугаарт, “амьдрах эрх” гэдгийг амьдралын наад захын шаардлагатай бүх зүйлээр хангагдах гэж ойлгодог. Гэтэл үнэндээ амьдрах эрх гэдэг бол хүн бүр өөрийгөө мэдэж, өөрийн амьдрал, хөгжил дэвшилдээ шийдвэр гаргах, оролцох эрхтэй байхаар тодорхойлогддог.[12]

     Жон Стюарт Миль “Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.”[13] гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь бусдын эрхийг хөндөхгүй л бол хүссэн зүйлээ хийж эрх чөлөөтэй байх эрх нь мөн л хүний өөрөө өөрийгөө мэдэх эрхэд нь үндэслэнэ гэсэн үг юм. Үүнийг Францын Хүний ба Иргэний эрхийн тунхагийн 4 дүгээр зүйлд баталгаажуулсан бөгөөд “Бусадтай зөрчилдөхгүйгээр хүссэн бүхнээ хийх боломжийг эрх чөлөө гэнэ. Хүн бүрийн эрхийн хязгаар нь нийгмийн бусад гишүүдэд эрхээ эдлэх боломжийг баталгаажуулахад оршино. Энэ зааг, хязгаарлалтыг гагцхүү хуулиар тодорхойлно.”[14] гэжээ.

     Либертари үзэлтнүүд хүний бүх эрх гэдэг бол хүн өөрөө өөрийгөө мэдэх, өөрсдийн бие махбодийг эзэмших гол эрхээс үндэслэн гарч ирж буй өмчлөх эрх мөн гэж үздэг. Маррэй Ротбард Эрх мэдэл ба зах зээл номондоо, “Хувь хүн бүр өөрийнхөө эзэн, өөрийгөө мэддэг гэсэн жам ёсны баримт байна. Хүний өмчлөх эрх гэдэг бол өөрийнх нь оршихуйд байдаг, энэ л өмчлөх эрхээс түүний бүтээсэн материал баялгаа өмчлөх эрх урган гардаг”[15] гэсэн байдаг.

     Ийнхүү өөрөө өөрийгөө мэдэх эрх буюу эрхэмсэг оршихуй нь үндсэн эрх юм бол Монгол улсад түүнийг хуулиар ч бус журмаар зөрчиж байгааг хэрхэн тайлбарлах вэ?

     Үндсэн эрх журмаар хязгаарлагдах болсон шалтгаан

     Үндсэн эрхийн үйлчлэл босоо болон хэвтээ түвшинд хэрэгждэг. Бусдын дур зоргоос иргэний эрх, эрх чөлөөг шүүх эрх мэдлийн тусламжтайгаар дамжуулан хамгаалахыг үндсэн эрхийн хэвтээ үйлчлэл гэнэ. Төр засаг бол бидний мэдэх хамгийн аюултай эрх чөлөөний дайсан мөн.[16] Тиймээс эрх зүйт ёсны амин сүнс нь төрийн үйл ажиллагааг хязгаарлах замаар нийгмийн бүлэг болон хувь хүний үндсэн эрхийг хамгаалахад оршдог.[17] Энэхүү үзэл баримтлалыг иш үндэс болговол, иргэний эрх, эрх чөлөөнд төрөөс халдах, хязгаарлахаас хамгаалахыг үндсэн эрхийн босоо үйлчлэл гэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрт, хүний нэр төрийг хамгаалахыг Монгол улсын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэгт хамааруулан үзэж, “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үүрэгтэйг бэхжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл эрхэмсэг оршихуйг үндсэн эрхийн тоонд оруулаагүй ч үндсэн эрхийн хэвтээ үйлчлэлийг нь хангасан бөгөөд энэ цаашлаад Иргэний хуулийн 21 болон 511 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт тус тус нарийвчлан зохицуулсан. Харин үндсэн эрхийн босоо үйлчлэл буюу төрийн эрх мэдлүүдээс үйл ажиллагаагаа явуулахдаа түүнийг хүндэтгэх үүрэгтэй болохыг заагаагүй. Өөрөөр хэлбэл үндсэн эрхийн босоо үйлчлэлийг хангахдаа үндсэн эрхийн гол агуулга болсон хүний эрхэмсэг оршихуйг үндсэн эрхийн тоонд оруулж Үндсэн хуулиндаа хэм хэмжээчлээгүй. Тийм ч учраас дурын төрийн байгууллага, албан тушаалтнаас хүссэн үедээ өөрийн эрх ашигт нийцүүлсэн журам гаргаж иргэний эрхэмсэг оршихуйг ноцтойгоор зөрчиж хүний зүгээр л оршин байгаагийн хувьдаа эдлэх тэрхүү эрх, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, эрхэм чанар, хүнлэг байдал, хүндэтгэл хүлээх эрхийг нь үл тоомсорлож байна.

     Хэрвээ Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний эрхэмсэг оршихуйг үндсэн эрхийн тоонд оруулан хуульчилсан бол тэр нь үндсэн эрхийг 1) зөвхөн хуулийн үндсэн дээр; 2) Үндсэн хуулийн өөр заалтад захируулах замаар; 3) харьцангуй байх зарчмыг баримтлан; 4) үндсэн хуулийг өөрчилж үл болох хэсгийг хөндөхгүй байх; 5) эрх зүйт ёсны үндсэн зарчмыг зөрчихгүй байх;[18] гэсэн үндсэлэлээр хязгаарлахаас бусад тохиолдолд зөрчигдөхгүй байх байсан.

     Дүгнэлт 

     Хүн өөрөө өөрийгөө эзэмшиж, эрхэмсэг оршихуйтайгаа мэдэрсэн үед өөрөө ч мэдэлгүй бусадтай өөрт ашигтайгаар хамтран ажиллаж энэ нь цаашлаад улс орны хөгжилд ч нөлөөлж байдаг бөгөөд хамгийн гол нь хүний үндсэн эрх баталгаатай хангагддаг учраас Монгол улс Үндсэн хуулиндаа “human dignity” буюу хүний эрхэмсэг оршихуйг үндсэн эрх болгон бэхжүүлэх шаардлагатай юм. Ингэсэн тохиолдолд хүний эрхэмсэг оршихуй журмаар бус тодорхой үндэслэл бүхий хуулийн үндсэн дээр л хязгаарлагдах болно.



[1] Тэмүүжин Х. Иргэний нэр төр гэж байхаас. УБ., 2005.
[2] Аристотель. Политика 12. 18. 1225а. С.19.
[3] Ю.Харбих. Орчин үеийн үндсэн хуульт төрийг тодорхойлох нь. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн 10 жилийн
ойд зориулсан олон улсын симпозиумд тавьсан илтгэл.
[4] New Encyclopaedia. Britannica (ed 15)1992. pp 656
[5] Ю.Харбих. Орчин үеийн үндсэн хуульт төрийг тодорхойлох нь. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн 10 жилийн
ойд зориулсан олон улсын симпозиумд тавьсан илтгэл.
[6] I bid. S 221-222.
[7] Claude-Frederic Bastiat. The Law. /www.bastiat.com/
[8] Сарантуяа Ц. Эрх зүй сэтгүүл ¹1/2. Үндсэн эрх болон хүний эрх: харьцуулалт, онолын эргэцүүлэл. УБ.,2000. 19 дэхь тал
[9] Ведомство печати и информации федерального правительства. Основной закон Федеративной Республики Германия.13 дахь тал.
[10] Ernist Benda. Human dignity.
[11] Дэвид Боаз. Либертарианизм. УБ., 2005. 91 дэх тал.
[12] Дэвид Боаз. Либертарианизм. УБ., 2005. 91 дэх тал.
[13] Др.Найжель Ашфорд. Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд. УБ., 2007. 43 дах тал
[14] Тэмүүжин Х. Jus Frast буюу ёст үг. УБ., 2005.
[15] Дэвид Боаз. Либертарианизм. УБ., 2005. 97 дэх тал.
[16] John Hospers. What Libertarianism Is. 1974. Reading 5-1.
[17] F.A.Hayek., Law, Legislation and Liberty, vols. 1-3, Chicago, 1973-1979.
[18] Ёорг Паул Мюллер. Хүний эрх ба улс орны дотоод, гадаад аюулгүй байдлын асуудлууд. Хүний эрх ба үндэсний аюулгүй байдал. Олон улсын симпозиумын эмхтгэл. УБ.,1996. 76 дахь тал.

Comments

2010-02-09 -

Бичсэн: Зочин

чөтгөр алга ташилт dont tell anyone not talking not talking

. Шууд холбоос



Бичлэг: 34 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax