Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад
Өмнө амласны дагуу болон нэгэн уншигч (Богиня)-ийн хүсэлтээр эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлалыг оруулж байна. Жишээ бодлоготой нь харьцуулаад харвал ойлгоход нэлээн хялбар болох байх аа. Гэхдээ бодлогыг би өөрөө бодсон болохоор алдаатай зүйл байхыг үгүйсгэхгүй. Санал зөрөх юм байвал сэтгэгдэл бичээрэй: Баярлалаа.ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО
БОДОХ АРГАЧЛАЛ
Эрүүгийн эрх зүйн бодлогыг дараах дараалалын дагуу бодно.
1. Эх сурвалжаа тодорхойлно. Ямар хууль, тогтоол (дээд шүүхийн тайлбар), тушаал, дүрэм, заавар хэрэглэхээ тодорхой бичнэ.
2. Гэмт хэргийн зүйлчлэл хийнэ. Ингэхдээ дараах дараалалыг баримтална:
- Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлох;
- Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх бүрэлдэхүүний байгаа эсэх;
- Ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгах;
- Давхар зүйлчлэгдэх гэмт хэрэг байгаа эсэх;
3. Ял онгогдуулна. Үүнд дараах дараалалыг баримтална.
- Ял оногдуулах нийтлэг үндэслэл байгаа эсэх (ЭХ-ийн §20.1. Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон эсэх);
- Ял хойшлуулах (ЭХ-ийн §62, §63), ялаас чөлөөлөх (ЭХ-ийн §74, §75, §76 ), эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх (ЭХ-ийн §70, §71, §72 ), ял тэнсэх (ЭХ-ийн §61) журам хэрэглэгдэх эсэх;
- Хамтран үйлдсэн (ЭХ-ийн §37), төгсөөгүй (ЭХ-ийн §30) гэмт хэрэгт ял оногдуулах журам хэрэглэгдэх эсэх;
- Хэд хэдэн гэмт хэрэг болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам хэрэглэгдэх эсэх (ЭХ-ийн §57, §58) ;
- Хөнгөрүүлэх (ЭХ-ийн §55.1) болон хүндрүүлэх (ЭХ-ийн §56.1) нөхцөл байдал байгаа эсэх.
ЖИШЭЭ БОДЛОГО
2006.09.12-ны орой түүхий эдийн наймаа эрхэлдэг “Ө”, “С”, “М” нар “Ө”-ийн гэрт архи ууж байгаад мөнгөний асуудлаас болж “Ө”, “М” нар хоорондоо маргалдан зодолдсон бөгөөд энэ зодоонд “Ө”-ийн дүү болох “С” оролцон ахтайгаа хамтран “М”-ийг зодож гэмтээсэн байна.
Энэ үйлдлийн улмаас “М”-д хүндэвтэр гэмтэл учирсан байна. Улмаар “Ө”, “С” нар цааш сумын төвийн дэлгүүрээс архи авахаар очин, “С” дэлгүүрт орж худалдагч “О”-оос архи зээлээр авах гэж нэхээд өгөхгүй болохоор нь түүнийг хэл амаар доромжлон “О”-ийн толгойг ширмэн туухайгаар цохисны улмаас “О” нь тархиндаа хүнд гэмтэл авч 7 хоногийн дараа нас барсан.
“Ө” нь 2005.06 сард бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж шүүх түүнд Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар ялыг тэнсэж хянан харгалзсан байжээ.
АСУУЛТ:
► Өгөдсөн нөхцөлтэй холбогдуулан гэмт хэргийн зүйлчилж, ял оногдуул.
БОДОЛТ:
I. Эх сурвалж
- Эрүүгийн хууль. 2002 он;
- УДШ-ийн тогтоол. Дугаар 23. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарлах тухай. 2003;
- УДШ-ийн тогтоол. Дугаар 33. Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай. 1988;
- УДШ-ийн тогтоол. Дугаар 259. 1997;
- УДШ-ийн тогтоол. Дугаар 10. Монгол улсын Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлийн заалтыг тайлбарлах тухай. УБ., 2003.
- Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал. Дугаар 167/265. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ явуулах дүрэм, заавар баталж мөрдүүлэх тухай. 2005.
II. Гэмт хэргийн зүйлчлэл
1. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
Бодлогын нөхцөлд бусдын биед гэмтэл учруулсан болон амь насыг нь хохироосон гэсэн хоёр гэмт хэрэг гарсан байх бөгөөд юуны өмнө учирсан хор уршиг нь илүү учраас бусдын амь насыг хохироосон хэргийг авч үзье. “С” “О”-г ширмэн туухайгаар цохиж амь насыг хохироосон үйлдэл нь ЭХ-ийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг байж болох тул түүний бүрэлдэхүүнийг шалгая.
ЭХ §91.1. Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Объект - хүний амьд явах эрх (“О” нас барж амьд явах эрх нь зөрчигдсөн)
Объектив тал – үйлдэл, эс үйлдэхүй хийх замаар бусад хүний амь насыг бусниулсан байна, бусдыг алсан үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.[1] Үүнийг шалгуур болговол“О” тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан бөгөөд энэ нь “С” түүнийг ширмэн туухайгаар цохисоноос хойш 7 хоногийн дараа болсон явдал юм. Өөрөөр хэлбэл “С”-ийн “О”-г алсан үйлдэл, “О” нас барсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байж хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шалгуурыг хангаж байна.
Нэмэгдэл элемент: Тухайн үйлдлийг хийхдээ хэрэглэсэн арга, багаж зэвсэг, нөхцөл байдал, цаг хугацаа байна.
МУ-н Дээд шүүхийн 1997 оны 259 дүгээр тогтоолд тайлбарласнаар:
зэвсгийн чанартай зүйл гэдэгт гааз, сүх, царил, алх, бороохой, гэх мэт бусдын амь бие эрүүл мэндэд гэмтэл учруулж болох бусад зүйлийг тус тус ойлгоно.
хэрэглэсэн гэдэг нь зэвсэг буюу бусад зүйлээр довтолгоонд өртөгчийн амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, тэдгээрээр сүрдүүлэхийн аль алиныг хамруулсан үйлдэл болно.
Дээрхээс харахад “С” ширмэн туухайгаар “О”-ийн толгойг цохисныг багаж зэвсэг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Субъектив тал - гэм буруугийн шууд ба шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
ЭХ-ийн 26 дугаар зүйлийн §26.2-т зааснаар: “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж , түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ.” Харин тус зүйлийн §26.3-т: “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ.” хэмээжээ.
Дээрхээс дүгнэвэл “С” нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх боловч уг хор уршгийг хүсээгүй буюу “О” алах зорилго агуулаагүй байсан байх тул тэрээр гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Субъект - Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн §21.2-т заасны дагуу хүнийг санаатай алах гэмт хэргийн субъект нь 14-16 хүртэлх насны хэрэг хариуцах чадвартай этгээд байна.[2] “С” нь 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд болно.
“С”-ийн үйлдэл нь ЭХ-ийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Харин одоо “Ө”, “С” нарын “М”-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг авч үзье. Энэ нь Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг байж болох тул уг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шалгая.
ЭХ §98.1. Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Объект – хүний эрүүл мэнд. “М”-ийн эрүүл мэндэд халдсан.
Объектив тал – Бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан.
Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний зааварт зааснаар:
Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэдэгт дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд гэмтэл, өвчин, эмгэг байдал үргэлжлэхийг хамааруулна.
Хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэдэгт энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр (15-33%) алдагдсан байхыг ойлгоно.
Бодлогын нөхцөлд дээрхийг нарийн тодорхойлж өгөөгүй боловч “..хүндэвтэр гэмтэл учирсан..” гэж байгаа тул объектив талын бүрэлдэхүүн хангагдсан байна.
Субъектив тал – шууд ба шууд бус санаатай, хувийн сэдэлттэй байна.
Шууд санаа гэдэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа түүнийг зориуд хүсэж үйлдсэн байдлыг ойлгоно.[3]
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ.
Бодлогын нөхцлөөс харахад “Ө”, “С” нар нь хамтран “М”-г зодсон үйлдэл нь тэд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж , түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ.
Субъект – 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай нийтлэг субъект байна.
Дээрхээс дүгнэхэд “Ө”, “С” нарын үйлдэл нь ЭХ-ий 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.
2. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх бүрэлдэхүүн
“С”-ийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхийг буюу түүний үйлдэл нь ЭХ-ийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгая.
Объект – хүний амьд явах эрх. “О”-ийн амь нас хохирсон байна.
Объектив тал – хохирогчийн зүгээс субъект, түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэсэн, хүндээр доромжилсон, нэр төрийг нь гутаасан, тохуурхан даажигнасан, удаан хугацаагаар тэсвэрлэшгүй дарамтад байлгасан, бусад хууль бус үйлдэл хийсний улмаас өөрт нь болон ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусадыг санаатай алсан идэвхитэй үйлдэл байна.
УДШ-ийн 1988 оны “Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал,цаашид баримтлах чиглэлийн тухай” тогтоолд зааснаар:
Хүндээр доромжлох гэдэгт хүн гэсэн нэр алдрыг нь амаар буюу бичгээр ноцтой гутаасан , түүнчлэн яс үндэсний онцлог, бие эрхтэний гажиг, зохисгүй байдал, өвчин эмгэгээр нь хочилж илтээр тохуурхан доромжилсон зэрэг үйлдлүүдийг хамааруулж ойлгоно.
Хүчээр дарлах гэдэгт хүч хэрэглэж бусдын бие эрхтэнд халдан зодож гэмтэл учруулах, айлган сүрдүүлж санаа сэтгэл, эд материал ахуйн талаар хүчтэй дарамт үзүүлэх, хүч чадлаар давамгайлж дээрэлхэх зэргийг ойлгоно. Дээрхи үйлдлүүдийн улмаас санаа сэтгэл нь хоромхон зуур гэнэт хүчтэй цочрон давчдаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдсанаас өөрийгөө буюу бусдыг хамгаалж санаатай хийсэн үйлдэл байна.
Дээрхээс дүгнэхэд “С”-ийн “О”-г архи зээлээр өгсөнгүй гэснээр шалтаглан туухайгаар цохисныг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хийсэн үйлдэл гэж үзэхгүй нь мэдээж юм.
Ийнхүү нэгэнт объектив талын бүрэлдэхүүн хангагдахгүй байгаа учир “С”-ийг ЭХ-ийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл алга. Өөрөөр хэлбэл хөнгөрүүлэх бүрэлдэххүүн байхгүй байна. Иймээс “С”-ийн үйлдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шалгая.
Эрүүгийн хуулийн 91 дугаар зүйлийн 91.2-т “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн хүндрүүлэх 17 объектив талын бүрэлдэхүүнийг заасан байх бөгөөд тэдгээрээс бодлогын тохиолдолд илтэд тохирохгүйг нь орхин, байж болох бүрэлдэхүүнүүдийг нь УДШ-ийн “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарлах тухай” гэсэн 23 дугаар тогтоолд үндэслэн авч үзье.
ЭХ §91.2.1. Хүнийг шунахайн сэдэлтээр алах
шунахайн сэдэлтээр хүнийг алсан гэмт хэрэг нь хохирогчийн мөнгө, эд хөрөнгө, орон сууц эзэмших болон өмчлөх, өв залгамжлах зэрэг бусад эрхийг олж авах, эсхүл өр төлбөрөөс чөлөөлөгдөх, бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй хүнийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх зэрэг материаллаг зардал гаргахаас зайлсхийх гэсэн сэдэлтээр үйлдэгдэж болно. Тэгэхдээ хүн алах гэсэн шунахай санаа зорилго нь хохирогчийг алах гэмт үйлдлээс өмнө үүссэн байхыг анхаарах нь зүйтэй.
“С” анхнаасаа материаллаг зардал гаргахаас зайлсхийн шунахай санаа зорилго агуулан дэлгүүрт ороогүй учраас дээрх нөхцөл хангагдахгүй байна.
ЭХ §91.2.2. Хүнийг танхайн сэдэлтээр алах
Танхайн сэдэлтээр гэдгийг тодорхойлохын тулд юуны өмнө Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан "Олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн…" үйлдэл байсан эсэхийг зөв тогтоох нь зүйтэй. "Танхайрах" гэдэг нь иргэд хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээгээр хэрэгжиж тогтсон ёс суртахууны болон хүмүүсийн зан үйлтэй холбогдох нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчин тухайн орчиндоо илтэд хүндэтгэлгүй хамаа бус хандсан, үйлдэлдээ элдэв цээртэй хараалын болон бусдын нэр төрийг басамжлан доромжилсон үгийг ичгүүргүйгээр зарлан түгээх, бусад руу хүч хэрэглэн довтлох, зодох, ингэхдээ элдэв юмсыг эсхүл зэвсэг хэрэгсэл түүнтэй адилтгах зүйлсийг хэрэглэх, хэрэглэхээр завдах, эсхүл үүнийгээ хатуу ширүүн үгээр илэрхийлэн орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх зэргээр хэрцгий догшин авирлан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шууд санаатай үйлдэл байхыг ойлгоно.
Танхайн сэдэлтээр хүнийг алах гэдэгт дээр дурьдсан танхайн үйлдлийн улмаас эсхүл ямар нэг онцлох учир шалтгаангүй буюу эсвэл хохирогчоос ямар нэг зүйл хүсэх, шаардах төдий үл ялих зүйлээр шалтаглан хүнийг алсан байхыг хамааруулна.
“С” олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэсний танхайн сэдэлтийн нөхцөлийг хангахгүй байгаа боловч ямар нэг зүйл хүсэх, шаардах төдий үл ялих зүйлээр шалтаглан, зэвсгийн чанартай зүйл болох туухайгаар “О”-ийн толгойг цохисон нь үхэлд хүргэсэн байх тул танхайн сэдэлтээр хүнийг алсан хүндрүүлэх бүрэлдэхүүн байна гэж үзэж байна.
ЭХ §91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл алах
Хэдийгээр “С”, “Ө”-ийн хамт явж байсан боловч бодлогын нөхцөлд хамт дэлгүүр орсон, цаашлаад “Ө” “О” алахад оролцсон байж болох ямар нэгэн өгөгдөл байхгүй байна.
Ийнхүү “С”-ийн хувьд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байна. Харин одоо “Ө”, “С” нарын “М”-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт нь хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгая.
ЭХ §98.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шалгахдаа объектив талыг нь шалгана.
Давтан үйлдэх гэдэг нь ЭХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар: “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно.”
Бүлэглэж үйлдэх гэдгийг Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолд тайлбарласнаар ойлгоно.
Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн §36.2 дахь хэсэгт заасан “…бүлэглэн гүйцэтгэгч…” гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно.[4]
“Ө”, “С” нар нь хэрэг үйлдэхээсээ өмнө гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч “Ө” “М”-тэй зодолдоход “С” нь ахтайгаа хамтран “М”-ийг зодож гэмтээсэн байх тул тэднийг бүлэглэн гүйцэтгэгч гэж үзнэ.
УДШ-ийн 1988 оны “Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал,цаашид баримтлах чиглэлийн тухай” тогтоолд зааснаар:
Зовоон тарчлаах шинжтэй гэдэгт хохирогчид олон удаагийн гэмтлүүд учруулах замаар буюу гэмтэл учруулахын тулд онц хүчтэй өвдөлт үүсгэх, сэтгэл санааны зовлонд оруулан шаналгах, байнга буюу тодорхой хэсэг хугацаанд дааруулах, халаах, өлсгөх, цангаах зэрэг зориуд санаатай хиисэн үйлдлүүдийг ойлгоно.
Энэ нь бодлогын нөхцөлтэй таарахгүй байна.
Онц аюултай гэмт хэрэгтэн гэдэгт хэнийг хамааруулж ойлгохыг ЭХ-ийн 24 дүгээр зүйлд заасан байх бөгөөд үүнийг шалгуур болговол “Ө”, “С” нар нь онц аюултай гэмт хэрэгтэн биш юм.
Объектив талын бүрэлдэхүүний нэгийг л хангасан байх нь хүндрүүлэх нөхцөл болох бөгөөд “Ө”, “С” нар нь “М”-ийг бүлэглэн зодож хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул тэднийг үйлдсэн гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй болох юм.
3. Ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгах
“С”-ийн үйлдсэн гэмт хэргийг “Бусдыг болгоомжгүйгээр алах” буюу ЭХ-ийн 94 дүгээр зүйлээр зүйлчлэх боломжтой байж болох юм хэмээн үзэж уг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шалгая.
Объект – бусдын амьд явах эрх буюу “О”-ийн амь нас.
Объектив тал – үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь хохироосон хор уршиг учирсан байна.
“С” нь “О”-ийн толгойг ширмэн туухайгаар цохисон үйлдэл хийсний улмаас түүний амь нас хохирсон хор уршиг учирсан тул объектив талын бүрэлдэхүүн хангагдаж байна.
Субъектив тал – хөнгөмсөгөөр найдсан, хайхрамжгүй хандсан хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ.[5]
“С” нь ширмэн туухайгаар зориуд “О”-ийн толгойг цохисон бөгөөд хор уршиг учрахыг мэдэлгүй үйлдсэн, эсхүл хор уршиг учруулахгүй байж чадна хэмээн тооцсон зүйл байхгүй юм. Ийнхүү ЭХ-ийн 94 дүгээр зүйлд заасан “Бусдыг болгоомжгүйгээр алах” гэмт хэргийн бүрэлдэхүүни субъектив тал хангагдахгүй байгаа учир “С”-ийн үйлдлийг ЭХ-ийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэж ЭХ-ийн 91.2.1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй юм.
Харин “Ө”, “С” нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хувьд “М”-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэсэн ойролцоо төрлийн гэмт хэргүүдээс нь ялган зүйлчлэх шаардлагагүй болно.
4. Давхар зүйлчлэгдэх гэмт хэрэг байгаа эсэх
“Ө” нь “С”-тэй бүлэглэж “М”-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаас өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй байх тул түүний хувьд давхар зүйлчлэгдэх гэмт хэрэг байхгүй юм. Харин “С” нь дээрх гэмт хэргээс гадна ЭХ-ийн 91 дүгээр зүйлийн §91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн /нийлмэл гэмт хэрэг/ байх тул тэдгээр гэмт хэргийг давхар зүйлчлэх юм.
ЭХ §19.1. Энэ хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байхыг нийлмэл гэмт хэрэг гэнэ. Нийлмэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
III. Ял оногдуулах
1. Ял оногдуулах нийтлэг үндэслэл байгаа эсэх
ЭХ-ийн 20 дугаар зүйлийн §20.1-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.“. “Ө”, “С” нар нь насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай тул гэм буруутай нь тогтоогдсон тохиолодолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Мөн тэдний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
2. Ял хойшлуулах, ялаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ял тэнсэх журам хэрэглэгдэх эсэх
Ял хойшлуулах
Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл болон 63 дугаар зүйлд зааснаар:
- Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг болон;
- Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно.
Иймээс “Ө” болон “С”-ийн ялыг хойшлуулах боломжгүй юм.
Ялаас чөлөөлөх
ЭХ §74.1.Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно.
ЭХ §75.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой болсон буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх ялаас чөлөөлнө.
ЭХ §76 дугаар зүйл Шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялаас чөлөөлнө.
Иймээс “Ө” болон “С”-ийг ялаас чөлөөлөх үндэслэл алга.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
ЭХ §70.1.Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, сайн дураараа хэргээ илчилж ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
ЭХ §71.1. Энэ хуулийн тусгай ангийн 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
ЭХ §72 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
“Ө” болон “С”-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл алга.
Ял тэнсэх
ЭХ §61.1.Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. Тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй.
ЭХ-ийн 17 дугаар зүйлийн §17.5 дах хэсэгт 17.5.Энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.” хэмээн заасан бөгөөд “С” нь ЭХ-ийн 91 дүгээр зүйлийн §91.2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн, тэр нь арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэгдэхээр хуульд заагдсан байх тул онц хүнд гэмт хэрэгт хамаарна. Тиймээс “С”-ийн ялыг тэнсэх боломжгүй юм.
Харин “Ө”-ийн хувьд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч өмнө нь 2005.06 сард бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж шүүх түүнд Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар ялыг тэнсэж хянан харгалзсан байсан. ЭХ-ийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн §78.1-т: “Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно.” Мөн ЭХ-ийн 61 дүгээр зүйлийн §61.2-т: “Энэ хуулийн 61.1-д заасан журмыг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй.” гэсэн байх тул “Ө”-ийн ялыг мөн л тэнсэх боломжгүй юм.
3. Хамтран үйлдсэн, төгсөөгүй гэмт хэрэгт ял оногдуулах журам хэрэглэгдэх эсэх
Хамтран үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулах журам хэрэглэгдэх эсэх
“Ө” болон “С” нар нь бүлэглэх хэлбэрээр гэмт хэрэг хамтран үйлдсэн учир хамтран үйлдсэн хэрэгт ял оногдуулах журам үйлчилнэ.
ЭХ §37.1. Шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан энэ хуулийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтооно.
ЭХ §37.2.Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн удирдагчид энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд ийм бүлэг, бүлэглэл байгуулсаны төлөө болон уг бүлэг, бүлэглэлийн үйлдсэн бүх гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээлгэнэ.
ЭХ § 37.3.Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн бусад оролцогчид ийнхүү гэмт байгууллагад оролцсоных нь төлөө болон өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
ЭХ §37.4.Захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй .
Төгсөөгүй гэмт хэрэгт ял оногдуулах журам хэрэглэгдэх эсэх
ЭХ §30.2. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг төгсөөгүй гэмт хэрэг гэнэ
ЭХ §30.1.Үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байвал төгссөн гэмт хэрэг гэнэ.
“Ө”, “С” нарын үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан учир төгссөн гэмт хэрэг байна. Тиймээс төгсөөгүй гэмт хэрэгт ял оногдуулах журам үйлчлэхгүй.
4. Хэд хэдэн гэмт хэрэг болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам хэрэглэгдэх эсэх
“Ө”-ийн хувьд Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн §58.1-т: ”Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэсний дагуу тэнсэнгийн ялтай байх хугацаандаа дахин гэм хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн §98.2-т заасан ял дээр нь тэнсэнгийн ялыг нь дээрхи журмын дагуу нэмж нэгтгэн оногдуулна.
Харин “С”-ийн хувьд хоёр өөр гэмт хэрэг үйлдсэн учраас ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн §57.1-т: ”Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэсэн журмын баримтлан ял оногдуулна.
5. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх
Хөнгөрүүлэх нөхцөл байдал
ЭХ-ийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн §55.1-т ял хөнгөрүүлэх 10 нөхцөл байдлыг зааж өгсөн бөгөөд тэдгээрээс бодлогын нөхцөлтэй холбогдуулан шалгаж болох ганц нөхцөл нь §55.1.1 дэх хэсэгт заасан “Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол ялыг х