Мэргэн
2014-03-14
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ

Ангилал: Бусад

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2014.03.10                                                                                               Мэдээлэл гаргах тухай

Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцийн тухай хуульд 4.4 дугаартай “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” /цаашид “ХДХВ/ДОХ” гэх/ гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4.2-т “Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг дараах утгаар ойлгоно:” гээд 4.2.2-т “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна.  Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн ..... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ............ ялгаварлан гадуурхаж үл болно.”, 16 дугаар зүйлийн 13 дахь заалтын “...Иргэний хувийн ба гэр бүл, захидал  харилцааны нууц, ........-ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17 дахь заалтын “..... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, .......-ийг хангах зорилгоор задруулж үл болох ........ хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ........ хууль зүйн ...... баталгааг бүрдүүлэх, ........ үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Үндсэн хуулийн 14.1, 14.2 дах хэсгийн тухайд

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох хэрэгжүүлэх зарчим юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийг үндэс угсаа хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар “ХДХВ/ДОХ” өвчинтэй хүний мэдээллийг онцгойлон нууцаас хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Нөгөөтэйгүүр үндсэн хуульт ёс бүхий ардчилсан улсуудад ямар ч тохиолдолд, бүр төрийн эрхэм зорилгын үүднээс ч хөндөж үл болох  үндсэн эрх гэж бий. Тухайлбал, “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн нь дээрх үндсэн эрхэд хамаарна. Эдгээр эрхүүдийг төрийн зүгээс ямар ч тохиолдолд бүр үндэсний аюулгүй байдалд бодитой хор аюул учруулсан байсан ч хөндөж үл болно.

Үндсэн хуулийн 16.13, 16.17 дахь заалтын тухайд

Иргэний хувийн нууц гэдэгт тухайн этгээд өөрийн нэр төр, алдар хүндэд харшилна гэж үзэж бусдад мэдэгдэхээс нууцалж явдаг бие, эрхтэний гажиг согогоос эхлээд нэр төртэй нь холбоотой бүхий л зүйл хамаарах бөгөөд эрх зүйн онолд нэр төр гэдгийг хүн өөрөө өөрийгөө тодорхойлох буюу тодруулж хэлбэл, тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрх гэж үздэг. Хүн бүр өөрийн нэр төр, жам ёсны эрхэд нь харшлаагүй хуулийн дор амьдрах эрхтэй. Тэр ч утгаараа Үндсэн хуульд энэ эрхийг нь баталгаажуулж иргэний хувийн нууцыг хуулиар хамгаалах тухай заалт тусгасан.

Энд нийтийн ашиг сонирхол, бусдын эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийг зүй ёсоор хязгаарлах тухай яригдаж болох юм. Хэдийгээр үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч   хууль батлах замаар иргэний үндсэн эрхийг хөндөж болох ч  үүнд зайлшгүй баримтлах ёстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэлүүд нь “тодорхой байх ёстой” гэсэн эрх зүйт ёсны формал шаардлага хангагдаж байх учиртай. Хувь хүний нууцын тухай болон бусад хуульд нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин гэдэгт ямар өвчнүүдийг хамааруулах, ХДХВ/ДОХ энэ ангилалд ямар учраас багтаж байгаа тухай нэр томъёоны хийгээд бусад тайлбар, тодорхойлолт байхгүй атлаа нийтэд аюултай гэсэн тодорхойгүй шалтгаанаар хувь хүний нууцаас хассан байна.

Үндсэн хуулийн 19.1 дэх хэсгийн тухайд

Төрөөс хүний эрхийг хангахад зориулан бүрдүүлэх баталгаа нь эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад хэлбэрийн арга хэмжээнүүдэд илрэх ёстой. Хүний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэхийн тулд төр хүний эрхийг зөрчилгүй биелүүлэхээ зарлахаас эхлээд төр түүний албан тушаалтнууд үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, аливаа хууль тогтоомжийн актыг боловсруулан гаргахад хүний эрх, эрх чөлөөг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хязгаарласан заалт оруулахгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжих үйл ажиллагаанд хуулийн заалтыг дээдэлж чандлан сахих учиртай.

Орчин үеийн үндсэн хуульт ёсны онолоор үндсэн эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлага гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилго, тухайлбал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэргийг ойлгох хандлага түгээмэл байна. Энд мөн л хүний эрхийг хязгаарлах болсон үндэслэл нь тодорхой байх гэсэн зарчим яригдах бөгөөд хууль тогтоогчийн зүгээс  ХДХВ/ДОХ  өвчин нь “нийтэд онцгой аюултай халдварт өвчин” учраас тухайн иргэний эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бололтой.

Хувь хүний нууцын тухай хуульд Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлал олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна.  Энэ нь Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлал олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3 болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд ХДХВ/ДОХ-той хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана.

Мөн хууль тогтоогчийн зүгээс www.parliament.mn цахим хуудсанд баталсан хуулийнхаа танилцуулгыг нийтлэхдээ “.... НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, судалгаанаас үзэхэд ХДХВ/ДОХ-той хүмүүсийн .... хувь хүний нууцын халдашгүй байдал зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх магадлал өндөр түгээмэл байгаа талаар анхааруулсан.... ХДХВ/ДОХ-той хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглож..... эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг хуульчиллаа.... Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн заалттай үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрхийг хамгаалах асуудлыг цогцоор нь оновчтой болгон хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас хууль баталлаа....” гэсэн байгаа нь Хувь хүний нууцаар ХДХВ/ДОХ-той хүмүүсийн мэдээллийг нууцаас хасах зайлшгүй шаардлыг тодорхойлсон бус харин ч эсрэг үзэл баримтлалуудыг дурдсан байна.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтуудыг зөрчсөн байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү. 

МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН:

                                       /Б.МЭРГЭН/

 



Comments

2014-03-18 -

Бичсэн: Мэргэн

Төрийн албанд л ажиллаж байна даа. Цэцэд өгчихсөн байгаа одоогоор хуваарилаагүй л байна. Юу болсныг хэлнэ ээ. Либерари үзлийг түгээн дэлгэрүүлэх тал дээр бодсон зүйл алга даа баярлах

. Шууд холбоос


2014-03-18 -

Бичсэн: Баттулга (зочин)

Цэц ч дээ ях л бол. Чи одоо хаана ямар чиглэлээр ажиллаж байна. Би либертари үзэлтэн бас чамтай адил эрх зүйч. Нэг асуулт байна. Монголын либертари үзэлтнүүдийн ирээдүй чамд яаж харагдаж байна? Монголд ллибертари үзлийг түгээн дэлгэрүүлэх тал дээр бодсон зүйл байна уу?

. Шууд холбоос



Бичлэг: 1 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax