Ангилал: Бодрол
Эцэнхий биеэ нугдайлган, ёрдгор хавиргаа тоолоод эцсийн амьсгаа тасартлаа тэнгэрээс мөнгө унах юм шиг ширтэж, газраас алт ургах юм шиг горьдож, монгол хүний заяа түшинэ, морьтон ардын хийморь тэтгэнэ гэсээр насны бөгсөнд тулж "ум мани бадми хум" болох сэтгэлгээг эрхэм түшээдээс ч эгэл ардаас ч харж байна. Уншигч та яг одоо бодоод үз дээ. Хамт олон дунд чинь, үгүй юмаа гэхэд танилууд, найзын чинь найзууд дунд "Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой" гэж ярьдаг нөхдүүд нэгээр тогтохгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ярьж болно, баяжиж болно, томорвол ч сайн. Гэтэл ууж идэх, наргиж цэнгэх нь хэтэрчихээд, унтаж хичээлээ тасалчихаад, даалгавраа хэзээ ч хийж үзээгүй байж, дандаа шалгалтад бүдэрдэг хэрнээ "харж л байгаарай би томорно оо, тодорхой, харин тэр үед яахыг чинь харна аа" гэж багшаа хараагаад хаалгыг нь савдаг оюутнууд надад лав итгэл үнэмшилтэй харагддаггүй. Бакалаврын диплом өвөртөлж байж баяжих албатай ч биш. Амьдралын хар ухаан, төрөлхийн овжин зан, бизнес сэтгэлгээгээрээ томорсон хүмүүсийг алийг тэр гэхэв. Гэтэл болно доо гэсэн уужуу нь дэндсэн сэтгэлгээ, бүтнэ дээ гэсэн ул суурьгүй бодол нь давамгайлж, айл гэр амьдрал зохиочихоод гараа хумхиж, хөлөө ачиж сууж насыг бараад эцэст нь "аль вэ тэр компаний захирал болно, амьдралаа өөд нь татна гэсэн чинь" хэмээн хараалгуулж суудаг нь олон юм. Хоол идээд сууж байхад хажуу ширээнд урдаа охин суулгаад улс төр, инфляц, хувьцаа гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй ярьж байснаа, "тэгээд би ер нь баяжих нь баараггүй, томрох нь тодорхой хүн дээ" гэж ирээд л маасайх нөхөд хаа сайгүй. Жоохон халаад ирэхээрээ ууж идсэн, унтаж хэвтсэн, зодож нүдсэнээ хараалын үгээр хавчуурга хийн тачигнатал хөхрөн, бахархалтай ярих нь өмнө ярьсныг нь "алаад", урдах эмэгтэй нь амьдралаа цэгцлэхийг хүлээж аргаа барсан эхнэр, нөхөр өөрөө тамхи баагиулсан өвгөн болж төсөөлөгдөхийг нь яана.
Ярьж хэлж бологүй л яахав, ярьснаа хэрэгжүүлээд баяжаад, томроод явчихвал бүр бахархах байна. Харамсалтай нь миний л ажигласнаар хийдэггүй нөхдүүд нь л их яриад байх шиг, хийдэг нь харин дуугүйхэн амьдралаа аваад яваад байх шиг. Бүр харамсалтай нь хийдэггүй нөхдүүд нь хэт олонх байх шиг. Ингээд шүүмжлээд ирэхээр "өөрөө хэн болчихоод...." гэж эгдүүцэх хүн байж болох юм. Би нэг их мундаг амьтан биш л дээ. Жирийн л нэг цалингаараа амьдарч байгаа төрийн албан хаагч. Хэн хүнээс илүү амьдардаг хүн биш ч, хэнээс ч гуйхгүй амьдралаа аваад л явчихна. Зүгээр л юу ч хийж бүтээхгүй байж "Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой" гээд том том баагаад явдаг нөхдүүдийг харахаар яс хавталзаад, нүд хорсоод байдгаа нуух юун. Өдөр болгон нэг газар орж ганц аяга цай аваад өдөржин суухдаа зогсоо зайгүй уул уурхай, хувьцаа, хөрөнгийн бирж, компани байгуулах тухай ярьчихаад, гарахдаа нэгнээсээ автобусны мөнгө гуйгаад, маргааш нь алхаад л нөгөө газраа ирдэг нөхдүүдийг олон харсан болохоор уур хүрээд байдаг юм. Өдрийн 40 мянган төгрөгний цалинтай ажлууд захаар нэг хөглөрч байхад би хар ажил хийдэггүй, томорч л таарна гээд лааз өшиглөөд, тамхи гуйгаад явдаг нөхдүүдийг харахаар бухимдаад байдаг юм. Тэгсэн эцэст нь нэг гараараа бодлого боловсруулж, нөгөө гараараа хууль батлах ёстой сайд гишүүн нь ажлаа хийгээгүй байж "хөх толботой монголчуудыг тэнгэр түшнэ ээ, амны билэгтэй бай" гэж томроод дэлхий сөнөхөд бусад улсуудыг баяртай гэж даллаж үдээд үлдэх гэж байгааг харахаар зэвүү дургүй хоёр зэрэг хүрдэг юм байгаа биз дээ.
Хааны алба халаатай, гишүүний суудал мөнх биш тэр ганц нэг гишүүн одоо дүүрч. Гол нь залуучууд л хий хоосон тэнгэр заяа, амны билэг, ашдын ерөөлд биш өөрсдөдөө итгээд амьдаралаа аваад яваасай билээ. "Хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэх. Хэн, хэзээ, ямар үзлийг сурталдаж, тархийг угаах гэж хэлсэн нь сонин биш, зүгээр л үнэн үг гэж бодох юм. Ярианд нь тохируулаад бага зэрэг өөрчилчихье. "Хөдөлмөр л хүнийг баяжуулна, томруулна шүү, тэрнээс "том" яриа, хоосон үг биш". БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ ЗАЛУУСАА.