Ангилал: Бодрол
1990-ээд он гараад удаагүй байхад аав минь жилийн хугацаатай Солонгос явсан юм. Ирснийхээ дараа сонин зүйл их ярьдаг байлаа. 63 давхар байшин, иддэг наймаалж, замын түгжрэл, метро, ямар ч хольц хэрэггүй дангаараа л торт шиг талх, солонгос хүмүүс гээд л. 6 настай надад тэр бүхэн сонин биш мөртлөө тэнэг ч гэмээр нэг зүйлийг л мэдэхийг их хүсдэг байв. Тэр нь солонгос хүмүүс яаж ярьдаг бол, солонгос хэлээр ярихыг сонсох юмсан гэсэн бодол. Ашгүй нэг өдөр Солонгос захирал нь манай гэрт ирэхээр болсон юм. Ээж "юу нь сонин байна ам руу нь битгий орчихоорой" гэж дооглоод л. Удтал хүлээсний эцэст өнөөх солонгос нь ирдэг өдөр яагаад ч юм би гэртээ байгаагүй таарсан бөгөөд нэг хэсэгтээ л маш их харамссан юмдаг....1996 он болж Улсын Их Хурлын ээлжит сонгууль боллоо. Мэдээж гэрт нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрүүд орж ирнэ. 10 настай надад улс орноо яаж хөгжүүлэх нь тийм сонин биш, тэгсэн атлаа бүгдийг нь л үг үсэг үлдээлгүй уншина. Гэтэл тэр дунд өнөөх л сонирхлыг минь татдаг зүйл харагдах нь тэр. Бүх л нэр дэвшигч англи, орос хэлтэй, зарим нь нэг нь гуравдагч ямар нэгэн хэлтэй гэж намтартаа бичсэн байв. Өнөөх англи, оросоор ярьж байгаа хүнийг дэргэдээс нь харах гэсэн тэнэг бодол зурсхийсэн нь мэдээж. Аз намайг дахин ивээж, аавын нэг нэр дэвшиж байгаа найз нь манайд ирэх болов. Мэдээж намтартаа бичсэнээр бол англи, орос хэлтэй. Харамсалтай нь тэр хүн ирээд гадаадаар нэг ч үг хэлээгүй, харин оронд нь "Найз нь ямар юмаараа англи, оросоор ярих вэ дээ. Гэхдээ ингэж бичихгүй бол болохгүй, хэдэн саналд нэмэртэй. Хэн ч намайг гадаадаар ярьдаг эсэхийг шалгахгүй нь ойлгомжтой биз дээ" гэсэн үгийг аавд минь хэлсэн юм. Мэдээж урам минь маш их хугарсан бас бусад бүх хүмүүсийн намтар дахь хэл гэсэн хэсэгт эргэлзэж эхлэсэн. Тэр эргэлзээ минь өнөөдрийг хүртэл бат бөх оршсоор л байдаг, эчнээ мэдэх зарим хүмүүсийн жишээн дээр батлагддаг......
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гишүүд зайлшгүй гадаад хэлтэй байх ёстой гэж би хэлэхгүй. Гэхдээ тэдний худал хуурмаг нь бага байхад урмыг минь хугалдаг байсан бол одоо уур бухимдлыг минь хүргэдэг. Иргэдийн саналыг нь мэхэлж авч байна гэж эгдүүцэл төрдөг, биднийг басамжлан доромжилж байна л гэж үздэг. Одоогийн хотын дарга их хурлын гишүүн байхдаа нэгэн лекцэн дээрээ "парламентын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсээс шалгалт авдаг жишиг улс орнуудад байдаг тэрийг хэрэгжүүлье" гэж хэлж байсныг санаж байна. Олон хүний доог тохуу болоод л өнгөрсөн. Би ч дотроо эсэргүүцэж л байсан. Гэсэн ч хааяа бодоход, ялангуяа хуурамч диплом, худал намтартай нөхдүүдийн тухай яриа гарах бүрт зөв ч юм шиг санагддаг.
Миний энийг бичих болсон сэдэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнийн талаарх Х.Баттулгын ярианаас үүдэлтэй гэдгээ, би сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ нуухгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл би улс төржихөөс, сонгуулийн тухай ярихаас, нэгнийг нь муулахаас, нөгөөг нь магтахаас зайлсхийж ирсэн. Энийг бичихдээ ч зайлсхийж байна. Хэнийг дэмжих, хэнийг дэмжихгүйдээ асуудал нь биш, нэр дэвшсэн цагаасаа иргэдээ хуурсан хүн албан тушаалд очсоныхоо дараа хуурахгүй байж чадах уу гэдэгт асуудал нь байгаа юм.
Зарим хүмүүс Х.Баттулгыг ийм өөдгүй аргаар эсрэг намаас нэр дэвшигчээ муулахдаа яахав дээ, хуншгүй, арчаагүй гээд л муулж байна. Харин ч Б.Бат-Эрдэнэ хэлтэй устай, доктор гэж худлаа хэлснээрээ иргэд биднийг доромжилж байгаа юм биш үү. Хэрвээ үнэн юм бол ямар нэг аргаар батла л даа. Батлах боломж хэдэн арваараа байна. Тэгвэл харин ч худлаа пи ар явуулсан гэгдэж Ц.Элбэгдорж унаж, өөрийнх нь рэйтинг өсөх бус уу. Үгүй бол "дуугүй хүлээн зөвшөөрөх" гэсэн зарчмаар л над мэт олон хүмүүс хандах болно. Өрсөлдөгчөө хэтэрхий их муулж байгаа нь унаж, дуугүй байгаа нь хождог юм, гүндүүгүй царайлаад дуугүй байж бай л гэж битгий хэлээрэй....
Ингэхэд би гэдэг хүн чинь англи, орос, пашту, фарси, бангла, маяа, фон хэлтэй. Энэ харин ёстой жинхэнэ үхэж, төрдөг шиг үнэн шүү........