Ангилал: Бодрол
"Ихэнх улсын, ялангуяа буурай болон хөгжиж буй улсын иргэдийн 75 орчим хувь нь урсгалаараа хөвөгчид, үлдсэн 25 хувь нь чирэгчид, тэдний 9 хувь нь мэдлэг боловсрол өндөртэй лидерүүд байдаг" гэж хэзээ ч юм, хэнээс эсвэл юунаас ч юм бүү мэд сонсож эсвэл уншиж байсан юм. Хөдлөшгүй үнэн гэж хэлэхгүй ч ханатай л тоо байх. Мэдээж 75, 25, 9 хувь нь дотроо алтан дундаж, мяа, мяагийн мяагийн мяа, лидерийн лидерийн лидер гээд л нарийвчлагдах байх. Би ч нарийвчилж чадах биш бүдүүвчлээд л явчихъя.
Дээрх тоо "бүдүүвчлэгч" миний ойлгож байгаагаар сонгуульд нэр дэвшигчдийн хувьд тактикаа боловсруулахад ихээхэн чухал гэж санагдаад байгаа юм. Юу гэхээр сурталчилгаагаа хэн рүү чиглүүлэх вэ? 75 хувь руу юу, 25 руу эсвэл бүр 9 хувь руу юу? Мэдээж сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигч ялах учраас эргэлзэх зүйлгүйгээр 75 хувь руу онцгой анхаарч, 25 хувийг хөсөр хаях нь ашигтайг тэнэг би ч ухаараад байгаа юм. Үүний тулд ангилалуудад ямар хүмүүс багтаад байна вэ гэдгийг мэдэх хэрэг гарна аа даа.
25 хувь нийгмийг чирэгчид гэхээр ямар хүмүүс байх нь ойлгомжтой. Мэдлэг боловсрол өндөртэй, бусдын нөлөөнд автахааргүй өөрийн гэсэн үзэл бодол, хандлага, зорилт, зорилготой, мэргэжлийн, мэргэшсэн, ер нь л мундагууд. Асуудалд онолын баримжаатай, тооцоо судалгаатай хандана уу гэхээс нэр дэвшигчийн хий хоосон атлаа гоё чамин үг, чихэр жимсэнд хууртана гэвэл гонжийн жоо. Товчхондоо тэд хэнийг сонгохоо мэднэ, шүүлтүүр нь дэндүү нарийн. Адилхан шингэн л юм чинь гоожоод гарчихна гэвэл том эндүүрэл. 9 хувь нь 25 хувийнхаа шилдгүүд гэхээр тэдний талаар яриад ч хэрэггүй. "Мэргэшсэн" гэдэг үг тэд нарт л зориулагдсан үг байх. 25 хувиа манлайлагчид шүү дээ, салбар салбартаа жинхэнэ элит, лидерүүд. Тэднийг давж гарахын тулд нэр дэвшигч өөрөө лидер байх хэрэгтэй. Үгүй бол зүгээр л цаашаа шүү.
Үлдсэн мань мэт болон бид нараасаа ч мэдлэг нимгэн, амьдрал даржин нөхдүүд нийлээд 75 хувийг бүрдүүлнэ. Юун төлөө өөрөө дунд нь цохиж яваа билээ "манайхан" гээд нэрлэчихье. Энд би 75чуудаа бүгдийг нь лойчихсон гарууд гээгүй шүү. Яахав мундагуудтай дүйцэхгүй л дээ, хар ухаанаар дундаж болон түүнээс доошхи нөхдүүд л гэсэн үг юм уу даа. Гол нь савлагаатай хэсэг. Зохих боловсролтой, өөрийн итгэл үнэмшилтэй хүмүүс дунд нь байгаа ч тархийг нь сайн угаагаад өгвөл хаашаа ч эргэж мэднэ. Боловсрол муутай, юмны наад цаадахыг ухаарах чадваргүй, түүнийгээ дагаад түрийвч хоосон, амьдрал дорой хэсэг нь бол ойлгомжтой. Товчхондоо салхи хаашаа утаа тийшээ.
Дээрх ангиллыг дагаад нэр дэвшигчид бас дотроо хуваагдана аа. Яаж гэдэг нь ойлгомжтой. Манайхан руу хандрагсад, 25 руу улайран чичрэгсэд, 9 рүү харанхуй тэмүүлэгсэд. Тэмүүлэх ч юу байхав дээ үнэндээ мэдрэмжгүй л гарууд байгаа юм. За тэгээд эхний хэсгийнхэн бол "сэргэлэнчүүд" дараагийн хоёр нь "тэнэгүүд". Яагаад гэдэг нь ойлгомжтой 25 хувийнхны саналыг тултал нь аваад ч сонгогдож чадахгүй юм чинь сурталчилгаа, хөдөлмөр, мөнгө нь салхинд хийснэ. Мэдээж ийм үр дүнд хүрэх алхмыг мэдсээр байж хэн ч хийхгүй. Тэд гол сонгогчид нь манайхан гэдгийг мэдэхгүйгээр хаячихаад зөвхөн 25 руу анхаараад байдаг учраас "тэнэгүүд" гэлээ. Тэгээд ч тултал нь санал авч чадах ч үгүй. Өмнө хэлсэнчлэн тэд чинь тийм ч амар тархиа угаалгадаг хүмүүс биш. Харин манайхан руу хандрагсад бол нөгөөдүүл саналаа өгөхгүй ч гараад ирнэ, гэхдээ бас тэднийг хаяхгүй ээ, эв нь таарвал хөөрхөн хөөрхөн хандарчихна. Яалт ч үгүй "сэргэлэнчүүд".
Тэнэгүүд гэж хөөрхийс минь бас яг тэнэг гэхээсээ илүү цайлган амьтад. Бүх иргэдээ 100 хувь биш гэхэд 99,9 хувь нь өнөөх 25 хувийнхан шиг мэдлэгтэй, мундагууд гэж өөдрөгөөр төсөөлөөд муугаар бодвол өөрөө тэднээс илүү мундаг болж харагдахын тулд, сайнаар бодвол өөрийг нь ойлгоно гэдэгт итгээд мөрийн хөтөлбөр, сурталчилгаа бас бус юмнуудаа ярих сурталчлахдаа дандаа энгийн биш дээд түвшний юм ярина. Онолын түвшинд, мэргэжлийн хэллэгээр гэх мэт. Хэзээ, хэнтэй харьцаж байгаагаа мэдэрч чадахгүй. Нөгөөх нь үнэн байлаа ч манайхан чинь бидэнд яг ямар ашигтай, гар дээр яг хэдэн талхны мөнгө ирэх вэ гэдгийг л сонирхохоос биш тэр инфляц, минфляц, хувьцаа, мувьцаа, олон улсын валютийн сан ман, лондонгийн бирж мирж чинь хамаа ч байхгүй, мянга тайлбарлаад ямар ашигтайг нь ойлгох ч үгүй. Зүгээр л агаарын сонсогдоно. Тооцоо бодоод сууж байх тооны машин байхгүй, тэрийг нь авах мөнгө ч байхгүй. Авсан ч ажиллуулж чадах ч үгүй, төвөг цаашаа. Тэгэхээр худлаа үнэн нь мэдэгдэхгүй ярьсан юмнуудыг сонгож байхаар таны цалин чинь багадаа сая гурван зуун мянга болно оо, та тэрүүгээрээ мянга гурван зуун талх авч хүрнэ ээ, дээр нь бид танд тэдэн төгрөг өгнө өө гээд л хулхин дээрх цэцэг байсан ч хамаагүй, чихэнд наалдчихаар ойлгомжтой юм ярьж байгаа хүнийг азаа үзээд л сонгоно ш. Тэртээ тэргүй алиных нь амлалт биелэхийг мэдэхгүй юм чинь газрын юм ярьж байгаа хүн нь дээр л дээ.
Угаасаа манайхан руу хандрагсад гоё гоё юм ярина өө. Тэр нь бодитой эсэх нь огтхон ч падлийгүй. Нөгөө мундаг цөөнхийнхөн чинь тооцоо судалгаа элдэв юмыг нь мэдлэг чадвараа ашиглаад бодитойгоор хийгээд үзэхээр шааал худлаа тэнгэрийн юм яриад байгааг мэдээд инээхдээ инээж, уурлахдаа уурлаад л чадлынхаа хэрээр ойлгуулах гэж оролдоно маниуст. Маниус тоох ч үгүй, ойлгох ч үгүй, ойлгохыг бүр хүсэхгүй. 25чууд нэр дэвшигчдийг маань тэнэг, мангар, боловсролгүй, мэдлэггүй, луйварчид, авлигачид, энэ муусайнууд бүтэхгүй, боломжгүй худлаа зүйл амлаж байгаагаа мэдэж байгаа ч мэдээгүй царайлж байгаа юм гээд л авч өгнө. Улсын сан хөмрөгийг хоослоод, зээл тусламж аваад амлалт нь биеллээ гэхэд улс хөл дээрээ босохгүйгээр дампуурна гэнэ. Маниуст хамаагүй л дээ, өнөөдөр цатгалан байвал маргааш ч яамай байна аа. Харин тэр хараалын үгнүүдээс нь "мэдэн будилсан царай гаргагчид" гэдэг нь үнэнд дөхөх байх шүү. Манай талын нэр дэвшигчид угаасаа юу ярьж байгаагаа бүрэн мэдэж байгаа, гэхдээ тоох ч үгүй ярьдгаараа л ярина. Энэ нь манайханд таалагдах юм чинь. Зорилтот бүлгийнхээ саналыг авчихвал бусад нь хэнд хамаатай юм. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүйгээс хойш. 25чууд мянга хашгираад, саналаа эсрэг өгөөд ч нэмэргүй. Манайханд л хандраад таалагдаад авбал гишүүний зөөлөн сэнтий бат л гэсэн үг.
Эцэст нь манайхны ачаар үр дүнд нь бөөн "худлаа" нөхдүүдээр дүүрсэн парламент бүрдээд нэг хэсэг нь юу ч хийхгүй, нөгөө хэсэг нь улс дампууруулна.. Улс дампууруулж байснаас юу ч хийхгүй байсан нь дээр ч юм шиг.
Би 75чуудаа тэнэг мангар, харанхуй бүдүүлэг, боловсролгүй, та нарын эргүү сонголтоос болж улс орон мөхөж байна гэх гэсэнгүй. Хэн нэгнээс буруу ч хайх гэсэнгүй. Зүгээр 75, 25-ийн зөрүү арилж 25чууд хүрээгээ тэлэх тусам тэр хэрээрээ эрүүл сонголт хийгдэх юм болов уу, сонгогчдын боловрсол чухал байна л гэж хэлэх гэсэн төөрөөд сүүлдээ өөрөө юу бичиж байгаагаа ч ойлгохоо байлаа.
За ёстой баахан элийрчихлээ. Ямар ч мэдлэггүй, үндэслэлгүй, зүгээр л өчүүхэн тархиндаа зурсхийсэн бодлоо хяналтгүйгээр баахан бурчихлаа, ёстой л 75чуудын нэг гэдгээ баталж байна уу даа. 25 хувьд багтдаг мундаг хүмүүс нь нэн ялангуяа улс төр судлаачид нь уншвал ийм юм хэзээ ч байдаггүй юм, амны салиа нь арилаагүй энэ бацаан ч намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэсэн шиг жолоогоо мэдэхгүй бүлтэрч байна аа гэж бодох вий дээ.
Гэснээс нөхдөө холимог тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа юм, лист гэж юу юм, хэдэн хүнд яаж саналаа өгөх юм эсвэл намд өгөх юм уу яах юм гээд л учраа олоогүй юугаа ч мэдэхгүй байгаа зүгээр л сайхан сонгоод өгье гэсэн сонгогчид надаас авахуулаад захаар дүүрэн байна шүү. Тэр сонгуулийн ерөнхий хороо нь хуулиа сурталчилж, сонгогчид бидний сонгуулийн боловсролыг дээшлүүлэх талаар юм хийгээчээ..... гээд томроод дуусгачихвал яадаг юм бол?!