Ангилал: Бодрол
Арваад жилийн өмнө дөнгөж хөдлөх гэж байгаа, эсхүл удаан явж байгаа машины өмнүүр хэргээр гүйж орон шүргүүлчихээд мөнгө нэхээд хэвтчихдэг МОДА багагүй дэлгэрээд байлаа. Өөрсдийгөө “хохирогчид” гэх тэдгээр хүмүүсийн ихэнх нь гудамжны архичид, өвгөнт, эмгэнтийнхэн байх бөгөөд хааяа нэг шараа тайлах гэсэн ажил амьдралтай нэгэн ч байсан. Энэ тухай X-Түц /тухайн үед“Инээдмийн түц” нэртэй байсан байх/-ийн хошин үзүүлбэр ч гарч байсан санагдаж байна. Мода дөнгөж дэлгэрч байхад олон ч жолооч нар гэнэдэж “мөнгөө саалгасан”. Аз болоход тэдгээр луйварчдын башир арга төдөлгүй илэрч, жолооч нар хохироогүй “хохирогч”-дыг амбаардан хөөх болсноор энэ төрлийн “бизнес” төдийлөн газар аваагүй юм. Гэвч ул мөр нь бүрэн арилаагүй байгаа юмсанж. Өнгөрсөн зун 8 сарын 14-ний шөнө бэр эгч “Ах чинь хүн мөргөчихлөө” гэсээр сандран орж ирсэн юм. Учрыг лавлатал байрны гаднах машины зогсоолоос хөдлөх гээд ухрахдаа орцноос гүйж гарч ирсэн 20 настай эмэгтэйг шүргэчихсэн гэнэ. Охин өөрөө зүгээр гэсэн боловч хамт явсан аав ээж нь хавиар нэг хашгичин гуугчиж, охиноо ч нэг зүгээр гэлээ хэмээн загнаж, ахыг ч ална тална п…а наахуугаар нь дуудан, цохиж авснаа, утсаа шүүрэн авч цагдаа дуудсан юм байх. Замын цагдаа нар ч төдөлгүй ирэн хэмжилт хийх зэрэг шаардлагатай арга хэмжээгээ авчихаад ахыг баривчлаад явжээ. Бэр маань охиныг эмнэлэгт хүргэж өгье гэсэн ч эцэг эх нь зөвшөөрөөгүй аж. Мэдээж маргаашнаас нь утасдан мөнгө нэхэж эхлэсэн юм. “Охин маань 7 хоногийн сая төгрөгний цалинтай ажил хийдэг 2 долоо хоног ажилдаа явсангүй 2 сая төгрөг өг”, “Чи хэнтэй учирснаа мэдэхгүй л байна даа, чамайг насаар чинь амьдралгүй болгосон ч чадна”, “яг одоо энд бэлэн бай, тэнд бэлэн бай” энэ тэр гээд эцэг гуай ч амаараа шуурхай ажиллаж эхлэв. Хэсэг сүрдүүлж байснаа гэнэт таг болчихсон юм. 12 сарын 28-нд шинэ жилийн баяр маань дөнгөж эхлэж байтал утас дуугарлаа. Ээж “Чамайг Баянгол дүүргийн шүүхээс хариуцагчаар дуудсан мэдэгдэл ирлээ” гэх нь тэр. Амьдралдаа хийсэн бүхий л муу муухай зүйлээ бодсон ч шүүхэд дуудагдах хэмжээний зүйл олохгүй байв. Аргаа барахдаа блог дээрээ хэн нэгнийг муулаад биччихсэн бил үү, тэр нь нэр төрөө сэргээлгэх гэж байгаа юм болов уу гэж хүртэл бодлоо. Харин маргааш нь шүүх дээр яваад очтол ахын шүргэсэн гэх охин нэхэмжлэл гаргасан байсан юм. Би тэр охиныг мөргөөгүй ч Иргэний хуулийн дагуу машины өмчлөгч гэдгээрээ намайг хариуцагчаар татсан байлаа. Урьд нь юу болсныг нэг их мэдэхийг хүсэхгүй байсан ч энэ удаа бүх нарийн учрыг нь судлахаас өөр аргагүйд хүрэв. Ямар нэгэн практик туршлага байхгүй ч гэлээ худлаа үнэн хуулийн сургууль төгссөн эрх зүйч юм болохоороо өөрийнхөө хэмжээнд бэлдэн шүүх хуралд ороцлоо. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал процессийн хуулиа зөрчин байж нэг муу умгар өрөөнд болсон юм. Хуулийнхаа дагуу бол шүүх танхимд болох, эс тэгвээс тэр хурал хүчингүй болох ёстой л доо. Гэвч үүнийг тоодог шүүгч ч гэж алга, хууль зөрчсөн учраас тухайн хурлыг хүчингүйд тооцуулахаар хөөцөлддөг өмгөөлөгч, хуульч ч гэж алга. Харин ч эсрэгээрээ чи ийм үндэслэл тавиад хууль барьж хөөцөлдөөд юу ч олж долоохгүй хэмээн тавлангуй ярих өмгөөлөгчид л олон байв. За тэгээд шуух хурал эхэллээ. “Хохирогч” охин ээж, аав, ах, эгч, өмгөөлөгчтэйгөө нүсэр бүрэлдэхүүнтэй ирэн ганц над руу дайрах үйл ажиллагаа ч өрнөлөө. Охин ярьж байна: -”Би орцноос гараад ирсэн чинь тэээээр холооос нэг машин аймааааааар хурдтай ирж байсан. Бараг 80 км цаг хуртай явж байсан байх. Тэгээд би хашлаган дээр зогсоод явж өнгөрөхийг нь хүлээж байсан чинь намайг ирээд мөргөчихсөн. Би уначихаад босоод ирсэн чинь нөгөө машин буцаж ухарч ирснээ намайг дахиад мөргөж унагаасан. Тэр үед аав ээж орилж байж тэр машиныг зогсоосон, бас миний хөгжим дугуйн доор нь эвчихсэн юм. Тэгээгүй бол намайг дайраад л гарах байсан” гэв. Гэтэл тэр охины өөрийнх нь нотлох баримт болгон шүүхэд өгсөн Замын цагдаагийн газрын хэргийн газар хэмжилт хийсэн зураг, хавтаст хэргийн материал тэс өөр зүйлийг өгүүлж байлаа. Юу гэвэл зурган дээр байрны гадаах зогсоол дээрээс ухрах хөдөлгөөн хийж байсан машин хойш 1,8 метр хөдлөхдөө охиныг шүргэсэн тэмдэглэл байсан юм. Угаасаа ч бодит байдал тийм л байсан. Зогсоолоос хөдлөөд 1,8 метрт 80 км цаг хурдалдаг миний машин ч супер хөлөг юм даа, хүн дайрчихаад буцаж ухарч очоод дахиж дайрдаг манай ах ч харгис юм даа, 2 дайруулчихаад ямар ч гэмтэл авдаггүй энэ охин ч төмөр биетэй юм даа л гэсэн шүү юм бодож суулаа. Охин цааш нь: – “Би эмчилгээнд маш их мөнгө зарсан. Ажил хийдэггүй, оюутан хүн болохоор мөнгө төгрөг муутай байдаг. Тийм болохоор ядаж эмнэлэгт үзүүлсэн, эм авсан мөнгөө төлүүлмээр байна” гэв. Анх аав нь ярихдаа охиныгоо долоо хоногт сая төгрөгний цалинтай ажилладаг гээд 2 сая төгрөг нэхэж байсан юм. Угаасаа харваас дампуурах гээгүй л юм бол тийм хэмжээний байтугай 200 мянган төгрөг өгөөд ч ажил хийлгэмгүй хүн гэдэг нь гаднаас нь илт байгааг харахаар бүр хөх инээд ч хүрэх шиг. Ямар сайндаа л шүүгчийн асуултыг ойлгохгүй байн байн уурлуулж, аргаа барсан шүүгчид арван жилийн хүүхдэд юм зааж байгаа аятай л нэг бүрчлэн тайлбарлахад аав, ээж мэднэ гэж хэлээд загнуулж суухав дээ. – “Миний тархи толгой хөдөлсөн, хичээл номоо хийж чадахаа байсан, бөөрний болоод бусад хуучин өвчнүүд сэдэрсэн, шээс тасалдах болсон, нуруу нугасны өвчтэй болчихоод байгаа, цаашид юу болохыг хэлж мэдэхгүй байна. Машинд мөргүүлснээс болж насаараа янз бүрийн өвчтэй шаналах юм шиг байна. Ажил хөдөлмөр ч хийж чадахаа байлаа. Амьдрах урам зориг, итгэл ч алга” хэмээн хэн нэгнээр заалгуулсан бололтой үгсээ хэлэв. Мэдээж машинд мөргүүлчихсэн хүн энэ байтугай хохирол амсаж, гомдол гаргаж болно л доо, гэхдээ мэдээж хохирлын хэмжээг харгалзах нь зүйн хэрэг юм. Харин мөн л охины өөрийнх нь явж шинжилгээ өгсөн шүүх эмнэлгийн дүгнэлтэд “Өвдөгний арьс зулбарсан, зөөлөн эдийн бэртэлтэй, тархи бага зэрэг хөдөлсөн, цаашид ямар нэг өвчний эх үндэс болохгүй, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөхгүй” хэмээн цагаан цаасан дээр хараар биччихсэн байв. – “Чи тэгээд яг юу нэхэмжилж байгаа вэ?” гэсэн шүүгчийн асуултад – “Такси унаанд багагүй зардал гаргасан ч тэрийгээ нэхэмжлэхгүй, харин эмчилгээний зардал, эм авсан мөнгөө төлүүлмээр байна” гэв. Тэгснээ эмчилгээ, эмний 393.000, бусад зардлын 107,000 нийт 500.000 төгрөг нэхвээ. Бусад зардалд юу орж байгааг тодруулахад такси, унаа энэ тэр гээд нэлээн зардал гарсан гэх юм. Минутын өмнө ярьсныхаа эсрэг зүйлийг яриад л… Мэдрэлийн гажигтай болтол нь мөргөчихөөгүй л байлтай. За тэр яахав одоо хамгийн гоё хэсгийх нь тухай бичье. Хохирогч гэх охин бөөрний түүдгэнцэр өвчнөө эмчлүүлэхэд хамгийн их зардал гаргасан юм байх. Өөрийх нь яриагаар бол машинд мөргүүлсний улмаас тийм өвчин тусчихсан гэнэ. Тэгсэн хамгийн инээдтэй нь бөөрний түүдгэнцэр гэдэг өвчин нь дүйцүүлэн хэлбэл ДОХ юм. Энгийн үгээр тайлбарлавал хүний биед орсон хорт бодисыг цэвэршүүлэх зорилгоор бөөр лүү зөөвөрлөх үүрэгтэй түүдгэнцэр хэмээх хялгасан судсууд байдаг аж. Хүн ямар нэгэн халдварт өвчин туссан тохиолдолд тэдгээр хялгасан судсууд нь устчихдаг бөгөөд түүнийг нь бөөрний түүдгэнцэр өвчин гэдэг юм байна. Яг л хүний дархлаа устсаны улмаас үүссэн өвчнүүдийн бөөгнөрлийг ДОХ гэдэг шиг. Нэг үгээр хэлбэл бөөрний түүдгэнцэр бол “бөөрний ДОХ” юм. ДОХ-ыг эдгээх аргаа олж ядаж байхад халдварлах зам нь дахиад нэгээр нэмэгдчихдэг хэцүү ч хорвоо юмдаа. Одоо тэгэхээр бэлгэвчтэй хүнтэй хавьтахаас гадна МАШИНД ШҮРГҮҮЛЭХГҮЙ байх хэрэгтэй, эс бөгөөс ДОХ тусна шүү хүмүүсээ. Харамсалтай нь шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан л даа. Би бөөрний түүдгэнцэр өвчнийг ийм замаар л тусдаг, тэрнээс машинд мөргүүлснээс болж энэ өвчнийг тусна гэж байхгүй хэмээн нотолсоор байсан ч “Бөөрний “түүдгэнцэр өвчнөө эмчлүүлсэн нь үнэн, эмчилгээний зардал нь тэдэн төгрөг болсон” гэсэн орлогын падааныг үндэслээд шүүх шийдвэрээ гаргасан. Машинд мөргүүлсэн болон өвчин туссан хоёр хоорондоо шалтгаант холбоотой эсэх нь шүүхэд хамаагүй байсан нь дэндүү харамсалтай. Гомдолтой байна нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэхээс өөр юу ч хэлж мэдэхгүй байсан нэхэмжлэгч талын өмгөөлөгч бүүр хөөрхийлөлтэй. Шүүхийн шийдвэрт нөгөө л авлига, танил тал нөлөөлсөн юм болов уу…..?! Эцэст нь хэлэхэд 10 гаран жилийн өмнө дэлгэрч байсан мода буцаад сэргэж байх шиг байна. Болгоомжтой байхад илүүдэхгүй шүү миний монголын шударга иргэд минь.