Ангилал: Бодрол
Би монгол хэл судлаач хүн биш л дээ. "Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь" хэмээн санаашран зовниж суудаг ч хүн биш. Блогтоо бичлэг оруулахдаа аль болохоор үг үсгийн алдаагүй, дүрмийн дагуу бичихийг хичээдэг ч олон блогчдийн бичлэгийн хэлбэр буюу "блогийн хэлээрээ" бичдэгийг нь буруушаагаад байдаг ч нэгэн биш. Энэ талаар надтай надгүй өчнөөн хүмүүс шинжлэх ухааны түвшинд ч бай, энгийн санаа бодлын хэмжээнд ч бай олонтаа маргалдсан, маргалдаж байгаа, маргалдана. Би л дутав гэж. Тэгээд ч бичгийн хэлийг ярианы хэл шигээ болгох, тодруулбал ярьж байгаа дуудлагаараа бичих энэ хэв маяг нь зөв эсхүүл буруу алин болохыг төдийлөн сайтар ухаараагүй байгаа би түүнийг шүүн тунгаана гэж юу байхав. Харин сүүлийн үед монгол үгээ мэдэхгүй байгаа хүмүүсийг л зад шүүмжилмээр, шүүмжлэхээсээ ч илүүтэй Монгол хүн байж, монголдоо төрж өсчихөөд монгол үгнүүдээ мэддэггүйг нь гайхаад байгаа юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд би энд нутгийн аялгууны эсхүүл төдийлөн хэрэглэгддэггүй бүүр эсхүүл цаг үеийн хөгжлөө дагаад хэрэглээнээс гарч байгаа, гарчихсан үг хэллэгүүдийн тухай яриагүй шүү, зүгээр л өдөр тутмын хэрэглээний нийтлэг үгсийн талаар бичиж байна.......
....10 жилд байхдаа монгол хэлний хичээлдээ сайн хүүхэд байлаа. Анги даасан багш маань ч монгол хэлний багш байсан юм. Би хамгийн түрүүнд л асуугдана, асуугдчихаад багштай хамтран ангийнхнаасаа шалгалт авна. Төгсдөг жилээ зарим нэг хичээлийг нь ч орж, доод ангиасаа улсын шалгалтыг нь хүртэл авч л байлаа. Тиймдээ ч юм уу ангийнхан маань зарим нэг үгсийн талаар надаас асууна. Энэ чинь яг юу гэсэн утгатай үг вэ? ингэж бичих нь зөв үү?, энийг өөр ямар үгээр орлуулж болох вэ? бүүр заримдаа ийм монгол үг байдаг бил үү? гэх мэт. Уран зохиолын ном их уншдаг байсан болоод ч тэр үү үгийн баялаг гайгүй байсан шиг байгаа юм. Гэхдээ л надад мэдэхгүй, утгыг нь бүрэн ойлгохгүй үг гардаг л байсан. Тэгэнгүүт л нэр нүүрээ боддог юм байгаа биз дээ, шууд л Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь"-оо харж байгаад л хэлээд өгнө шүү дээ. Харин толиноос харснаа хэлэхгүй, угийн л мэддэг байсан юм шиг баатар царайлна. Сүүлд нь баригдчихсан л даа. Одоо болтол ангийн найз нар "Цэвэл ахынхаа толиноос харчихаач" гэж цаашлуулдаг л юм. Гэхдээ найзууд маань ойр зуурын өргөн хэрэглээний үгсийн талаар хэзээ ч асууж байгаагүй юм шүү. Нутгийн аялгууны, мэргэжлийн, уран зохиолын гэх мэт нийтлэг биш ховор хэрэглэгддэг үгсийг эсхүүл ерөнхий утгыг нь мэдэж байгаа ч ганц нэг үсэгний байрлал энэ тэр дээр андуурсан үгээ л бие биенээсээ тодруулж асуудаг байлаа. Сүүлийн үед надаас хэтэрхий ойлгомжтой үгсийг "Ийм монгол үг байдаг юм уу" гэж гайхаж асуугаад байгаа хүмүүс шиг биш гэсэн үг.......
Юу гэхээр твиттер дээрээ жиргэхээр, мессенжер, фэйсбүүк дээрээ статус бичихээр ийм үг байдаг юм уу? эсхүүл зөв бичээчээ ийм монгол үг байдаггүй юм (байдгаар барах уу) гэх сэтгэгдлүүд мэр сэр харагддаг байснаа сүүлийн үед ихсээд байх боллоо. Уг нь жишээ баримттай бичвэл хүмүүст зөв буруу, сайн мууг нь дэнслэхэд хялбар байх л даа. Гэвч багагүй жишээ байсан боловч тухай бүрт нь хариулаад мартчихсан болохоор төдийлөн олон жишээ хэлж чадахгүй нь. Тэгэхээр санаж байгаагаараа сүүлийн хоёр жишээгээ бичье л дээ.
Нүүрэн номныхоо статус дээр "..... эдүүгээгээс 10 хоногийн өмнө...." хэмээн биччихээд байж байтал нэг залуу сэтгэгдэл бичлээ. Уншсан чинь "Зөв бичээчээ. Буруу биччихээр чинь уншаад ойлгохгүй, гайхаад бодолд орчих юм. Эдүүгээгээс гэж үг байхгүй. Одоогоос гэж бичих нь зөв" гэсэн байх юм. Би бодохдоо "эдүүгээ", "одоо" гэсэн үгнүүд нь утгын хувьд агаар нэгэн гэдгийг хүн бүр л мэддэг байх гэтэл үгүй бололтой.
Нэгэнтээ С1 телевизээр гардаг монгол хэл зүйн шүүмжлэлийн тухай нэвтрүүлгийг шүүмжилчихсэн чинь нэгэн эрхэм зөрүүлээд намайг шүүмжилж байна аа. "Монгол хэл бол АУГУУ. Зөв ярих, зөв бичих нь чухал" гэж. Би ч уг нь зөв ярих зөв бичих нь буруу гээгүй л дээ. Харин шүүмжлэгчийн маань хэрэглэсэн "Аугуу" гэсэн үг нь өөрөө хэр зөв билээ. Миний мэдэхээр дээрх үгийг "аугаа" эсхүл "агуу" гэж бичдэг баймаар. Мань хүн уг нь миний хүндэлж явдаг эрхэм л дээ. Монгол телевизээс гараагаа эхлэсэн, сүүлд ТВ9-д байж байгаад, одоо С1-т ажилладаг сэтгүүлч, сурвалжлагч, мэдээ уншдаг, бас ч гэж салбартаа өөрийн гэсэн орон зайгаа эзэлчихсэн, олны танил дажгүй ч залуу. Тийм болохоор би шууд үгүйсгэчихэж төвдсөнгүй. Өнөөх л Я.Цэвэл ахынхаа толиноос харлаа. Гэтэл яалт ч үгүй "аугаа", "агуу" гэсэн хоёр үг л байна. Харин "аугуу" гэсэн үг байдаггүй ээ. Тэгэхээр нь монгол бичгээр дээрх 2 үгийг тэгж бичдэг юм болов уу хэмээн үзтэл бас л үгүй. Мэдлэгтэй залуу гэж хүндэлж явдаг болохоор би буруу бодсон байж магад өөр утга байдаг ч юм бил үү гээд "Та аугуу гэдэг үгийг ямар утгаар хэрэглэж байна?" хэмээн асуутал "мундаг, гайхамшигтай" хэмээн хариулж байна. Тэгэхээр нь "наад үгийг чинь ингэж бичдэггүй ш дээ" хэмээн учрыг тайлбарлатал эхэндээ чи буруу бичээд байна "аугаа", "агуу" гэж байхгүй гэж байснаа сүүлдээ чатаар орж ирээд "Миний буруу юм байна" хэмээн уучлал гуйсан юм. Гэхдээ би бас өөрийгөө шууд зөвтгөчихсөнгүй. Гүүглээр "аугуу" хэмээн хайтал маш олон хүн дээрх хэлбэрээр бичиж хэрэглэдэг юм байна. Хэдий тийм боловч Я.Цэвэл ах бид хоёр лав "аугуу" гэсэн үг байхгүй, бичиж хэрэглэх нь буруу гэдэгтээ итгэсэн хэвээр байгаа. Та бүхэн юу гэж боддогийг мэдэхгүй юм. Мэдлэггүйдээ мэдэхгүй үгнийхээ тухай байдаггүй, буруу мэтээр бичиж байгаа бол уучилна биз. Миний зөв бол тэр хүмүүсийг шүүмжилнэ биз.
Бичлэгээ эхлэхэд хэлсэнчлэн би монгол хэл судлаач биш. Тиймдээ ч нарийн учир утгыг мэдэхгүй, гүнд нь орж шүүмжилж чадахгүй, эх хэл маань устаж үгүй болох нь хэмээн ширээ шааж, цээжээ дэлдэх ч үгүй. Харин монгол хэл бол монгол соёл, түүнээс дутахгүй монголын тусгаар тогтнолын томоохон баталгаа гэдэгт итгэдэг. Үг гэдэг барааа таваарын л адил импортлогддог, экспортлогддог. Магадгүй хөгжлийн түвшин, дэлхийн тавцан дахь нэр хүнд, байр суурийг тодорхойлоход экспортлогдсон үгсийн хэмжээ нь нэг шалгуур болдог байж ч болох. Англи, америк үгсийг дэлхийн улс орнууд өөрийн улсын хэл мэт хэрэглээндээ оруулж ярьж байгаа нь тэдгээр орнуудын хэр их нөлөөтэйг харуулж буй хэрэг биш гэж үү. Харин эсрэгээрээ гаднаас хичнээн их үг импортлоно төдий чинээгээр эх хэл минь устах аюулд орж, цаашлаад улсын тусгаар тогтнолд ч нөлөөлөх нь дамжиггүй. Гэтэл энэ аюулыг сөрөх ёстой атал харин ч өөрөө өөрсдийнхөө хэл соёлыг мартагнаад байгаа нь эмгэнэлтэй. Монгол хэлний багшийн минь хэлснээр "яамай даа" гэдэг үг өмнө нь "яана аа" гэсэн сөрөг утгатай байсан юм гэнэ лээ. Гэтэл одоо бүгд л "яамай даа" гэхээр "ашгүй дээ", "болж дээ" гэж ойлгох болж. Яг тэрэн шиг хэдхэн жилийн өмнөөс л бид "яг ш" гэж ярих болсон. Одоохондоо ч яахав тоглоом, шоглоомоор л хэрэглэж байна. Хэдхэн жилийн дараа "яг ш" гэхээр бүгд л үгүйсгэсэн утгаар нь л ойлгох вий. Өмнө нь би юу гэж тэгэхэв дээ л гэж боддог байсан бол "эдүүгээ" гэдэг үг байдаггүй хэмээн залуучууд нь "аугаа, агуу гэж үг байдаггүй, аугуу гэж харин бий" хэмээн үгийн утгаар үйл урлаж, хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй сэтгүүлчид нь маргалдаад эхлэхээр эргэлзэж эхлээд байна л даа.
За за гол санаа гээд байх юмгүй баахан юм холиод ярьчихсан бол уучилж ажаамуу. Дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэлээр ярь. Маш сайн байна. Гэхдээ монгол хэлээ л битгий мартаарай. Мартвал мөхнө гээд сүртэй дуусгачихвал яадаг юм бол....
2011-09-26 02:10:00