Мэргэн
2014-03-14
ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!

Ангилал: Бодрол

      “Эрх чөлөөний үнэ төлөөс нь байнгын сонор сэрэмж юм” гэж Америкийн ерөнхийлөгч агсан Томас Жефферсон нэгэнтээ хэлсэн байдаг. Иргэд өчүүхэн төдий сэрэмж алдах аваас төр элдвээр шалтаглан эрх, эрх чөлөөг тань дээрэмдэж, шим шүүсийг чинь сорж, тэр чинээгээрээ өөрөө улам бүр данхайн томорч, баяжин хөлжсөөр байх болно. Төр гэх хийсвэр ойлголтын цаана түүнийг төлөөлсөн төрийн албан тушаалтан, алба хаагчид байгаа, тэр нь мэдээж хүн. Хүн л болсон хойно мөнхийн эрх ашгийн төлөө тэмцэнэ, шуналтана, шүлэнгэтэнэ, өлөв долов хийж, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөнө. Хэн нэгний эзэнгүйдүүлж орхисон юмс “хүний” хувьд бөөн олз. Анхаарч тордоогүй хөсөр хаясан эрхийг чинь ахиухан ашиглаад үр шимийг нь хүртэхийг хүснэ үү гэхээс алив үүнийгээ эдлээч гэж магнайдаа хүргэн, тэргүүндээ зална гэж байхгүй, битгий горьд. Төрийн төлөө залбирч суухад чинь, түй май гээд өөдөөс тань тавлаж байгаа. Тэгэхээр эрх, эрх чөлөө гэдэг бол нөгөө талаар үүрэг, хариуцлага. Эрхээ эдлэхийн тулд тордох, торниулах, хайрлан хамгаалах нь таны үүрэг, эдэлсний үр дүнд ургасан жимс бүхэн хариуцлага тань. Үүрэг, хариуцлагаа умартвал эрх, эрх чөлөөгөө хамгаалуулмаар байна гэж гонгинох эрх, эрх чөлөө байхгүй. Түүнийг чинь ардчилал гараад эргэж алдахгүйгээр өмчлөөд авчихсан юм гэвэл эндүүрэл. Алхам тутамдаа арчилж услахгүй бол үхчихнэ, тэмцэж хамгаалахгүй бол булаалгачихна. Дээрэмчид сэрэмж алдсан даруйд довтлоход хэзээд бэлэн. Харин бид сэрэмжлэх байтугай тэгэх сэдэл ч үгүй болчихож. Нэг үгээр “дээрэмдүүлсээр” л байна. Бүгдийг нь тавиад туучихаасаа өмнө төрд шургалсан зарим дээрэмчдээс эрхээ хамгаалаачээ гэж хүссэндээ энийг бичиж сууна.....

       …Эмч нар, цагаан нөмрөгтөнүүд, тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Тэднийг хэн ч чирч авчраад эмч болгоогүй, зодож нүдээд тангараг өргүүлээгүй. Үндсэн хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” эрхээ эдлэж, эмч мэргэжлийг сонгон, "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая” хэмээн цусаар биш ч итгэл үнэмшлээрээ, тэгээд мэдээж сайн дураараа иргэд, нийгэм, төрийн өмнө тангараг өргөсөн. Зөрчвөл амь насаараа биш гэхэд, алба ажлаараа, эрх чөлөөгөөрөө, эд хөрөнгөөрөө дэнчин тавьж хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэндийн манаанд зогсохоо иргэдийнхээ өмнө амласан. Гэтэл бодит байдал эсрэгээрээ. Эмчийн ёс зүй байхгүй, энэрэх сэтгэл бүр ч байхгүй, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадлаа харамгүй байтугай гуйсан ч зориулахгүй. Зөвхөн мөнгөний төлөө л нүд нь улаанаар эргэлдэнэ. Хүний мөн чанарт угаас байдаг гэх сайхан сэтгэл нь байдаггүй, сайн дураараа үйлддэггүй юмаа гэхэд төрийн хуулиа дээдлэх сэтгэлээ, айх эмээх сэтгэл зүй байхгүй. Тэглээ гээд хэн ч хариуцлага тооцохгүй, хохирогч нь болох иргэд ч хариуцлага нэхэхгүй болохоор улам бүр өөгшсөөр.....

       .....Иргэдийн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” үндсэн эрх Үндсэн хуулиар баталгаажсан. Харин эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмч “эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан”-аас бусад тохиолдолд иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх үүрэгтэй. Ингэхдээ “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх; эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх; үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллах болон бусад үүрэг”-ийг давхар хүлээдэг. Зөрчвөл хууль бусаар олсон орлогоо хураалгах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг /702.000-7.200.000/-өөр торгуулах, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Гэтэл эмч нар иргэдийн ямар ч тохиолдолд хамгийн үнэ цэнэтэй, шаардлагатай үед ямар ч нөхцлийг хүлээн зөвшөөрч олж авах эрүүл мэнд гэсэн нэн тэргүүний хэрэгцээнд дулдуйдан хууль тогтоомжийг алхам тутамдаа уландаа гишгэж байгааг бид өдөр тутам харж, үг дуугүй өнгөрсөөр байна. 2006 онд эрүүл мэндийн сайдын 135 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-д тулгуурлан зарим жишээг дурдъя л даа.

 

      Дээрх хэм хэмжээ нь “Энэхүү ес зүйн хэм хэмжээг эмнэлгийн бүх мэргэжилтэн мөрдөнө....” гэх заалтаар эхлэх бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн гэдэгт хүний их, бага эмч, нүүр-амны их эмч, сувилагч, эм зүйч, эх баригч, эм найруулагч, нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн эмнэлгийн бусад ажилтан хамаардаг. Тэд “Монгол улсын Үндсэн хуульд зааснаас гадна эрүүл мэндийн байдал, бэлгийн сонирхолоор нь үл ялгаварлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлэх” нөгөөтэйгүүр “үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь шууд нөлөө үзүүлэхгүй” байх үүрэгтэй. Цааш нь үргэлжлүүлвэл “Эмнэлгийн мэргэжилтэн нь нэр төрөө хамгаалах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс тусламж үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгаж болохгүй ба өөрийн болон байгууллагын чадавхийг бодитой үнэлэн, сонголт хийх боломжтой бусад хувилбаруудын талаар үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, санал болгох үүрэгтэй; тухайн нөхцөлд заавал хийгдэх шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэх нь ёс зүйд үл нийцнэ; үйлчлүүлэгчээс шан харамж, албан бус төлбөр авч болохгүй; өмчийн ямар ч хэлбэрийн байгууллагад ажиллаж байгаагаас үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхолоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг илүүд үзнэ; үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад эмнэлгийн мэргэжилтэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах нь ёс зүйд үл нийцнэ; хэрвээ зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээвэл хувь хүртдэг тухайгаа үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгөх нь ёс зүйд нийцнэ.”

       Хуулийг зөрчихийн тулд бүтээдэг гэсэн явган ярианы баталгаа гэлтэй дээр дурдсан бүх ёс зүйн хэм хэмжээ цаг, минут тутамд зөрчигдөж байдаг. Хэрвээ та эмнэлгээр үйлчлүүлж үзсэн л бол дээрхийг нотлох шаардлагагүй үнэн гэдгийг мэднэ. Декарт “...хүн бүрт үнэмшүүлэх гэж нотлох шаардлагагүй, зүгээр л мэдрүүлчих...” гэж хэлсэн байдагчлан хүн бүр өөрөө биш гэхэд дотны хүмүүсийнхээ жишээн дээр мэдэрчихсэн байдаг учраас тэр.

       Эхнэрээ эрүүл аюулгүй амаржуулж, хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийг хүсвэл эмчийнхээ түрүүвчийг эртнээс түнтийлгэх ёстой, сувилагчийнхаа гарыг сайтар хүндрүүлэх шаардлагатай. Эс бөгөөс эх үр эндэх нь энүүхэнд. Төрөх гээд очсон эхийг хугацаа нь болоогүй байна гээд халгаагаагүй болохоор аргагүйн эрхэнд буцаж явтал замдаа машинд төрчихсөн гэх яриа саяхан чих дэлсэнэ лээ. Дөнгөж төрсөн нялх биетэй эхийг гарыг нь цайлгаагүй гээд сувилагчид асрах байтугай гуйгаад байхад шаардлагатай зүйлийг нь дөхүүлээд өгөхгүй, дээр нь ядаргаатай, түвэгтэйгээр нь дуудаж, харааж зүхэх нь холгүй байна гэж ярихыг нь сонслоо. Хөлөө хугалаад босож чадахгүй, хэвтрийн дэглэмд байгаа хүний өтгөнийх нь савыг сольж өгөхгүй удаагаад байхаар нь аргаа барсандаа сувилагчид нь таван мянган төгрөг, эмчид нь нэг шил архи өгч байж санаа амар бие засдаг болсон л гэнэ. Чихэр, шоколад одоо бол юу ч биш. Өгвөл бүр доромжилсон хэрэгт ороод өгөөгүйгээсээ долоон дор болж мэднэ. “Намайг бас эмнэлэгт очсон чинь.....” гээд иймэрхүү жишээг өдий төдийгөөр нь хэлэх хүмүүс захаар нэг. “Мөнгө өгөхгүй байж болдоггүй юм уу?” гэхээр “Заргалдаад юм олж долоохгүй хэдэн цаасыг нь өгөөд эмчлүүлсэн нь дээр. Ямар өвдөөд байж байлтай биш” гэх нь эгдүүцэм ч гэлээ аргагүй байдалд орсных. Нөгөө “эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчээс шан харамж, албан бус төлбөр авч болохгүй” гэсэн сайдын тушаал маань юу болов.

       Налайх дүүргийн төрхийн эмч нэгэн жирэмсэн эмэгтэйд “80 орчим мянган төгрөгний үнэтэй витамин авч уу. Гэхдээ заавал эндээс авна шүү. Энд л оригинал эм байгаа.” гэж хэлээд хэдэн сар витаминдуулсан байна. Эмэгтэйн гэдэс ч тогоо шиг болж их л том хүүхэд төрөх нь үү гэтэл гэдэснээс нь 5 литр ус гарч, харин хүүхэд нь 5 сартайгаас хойш өсөлт нь зогсчихсоноос болж долоохон хоног нар үзэх тавилантай байж. Яг л нөгөө “оригинал” витаминыг нь заасан газраас нь авч уусан цагаас хойш өсөлт зогссон байдаг. Гэтэл эмч үзэх бүртээ бойжилт хэвийн гэсээр эцэст нь эх үр хагацаад дууссан байгаа юм. Эх нь өмнөх 2 хүүхдийг нь эх барьж авсан юм гээд зарга үүсгээгүй, эмч ямар ч хариуцлага хүлээгээгүй...... 70 гарсан эмээ 10 гаруй жилийн дараа Өвөрхангайгаас ирэн нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасагт үзүүлэх гэтэл “10 гаруй хоног ямар ч цаг байхгүй яараад байгаа бол энэ хувийн эмнэлэгт үзүүлж ирээд эм бичүүлээд ав” гэсэн байгаа юм. Хэтэрхий үнэтэй хувийн эмнэлгийн зардлыг дийлэхгүй гээд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлчихээд бичгээ бариад эмч дээрээ ортол өөрийнхөө эмнэлэгт үзүүлчихлээ хэмээн уриалгахан байсан бөөрний эмч өөр эмнэлэгт үзүүлснийг нь мэдмэгцээ эм бичиж байсан цаасаа урж хаяад “танд үйлчлэхгүй дараагийн хүн чинь хүлээгээд байна” гээд хөөгөөд гаргачихсан байх юм.... Энэ мэтчилэн хувийн, эсвэл ашиг сонирхол нэгдмэл газрынхаа эмийн сан, эмнэлгийг зааж өгч үйлчлүүлүүлэн бизнесээ өргөжүүлдэг, тэнд нь очоогүй бол үйлчлэхээс татгалздаг эмч нартай таараагүй гэхэд тэдний талаар сонсоогүй хүн үгүй биз. Гэвч л бүгд л дуугүй хүлээн зөвшөөрдөг.

       10, 11 цагаас хойш үйлчлэхгүй, шинжилгээ авахгүй гэх үгийг олонтаа л сонсож байлаа. Уг нь эмч нар төрийн үйлчилгээний албан хаагчид. Эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Тэр хуульд нь ажлын өдөр 8 цаг хүртэл үргэлжлэх учиртай. Гэтэл үдээс хойш хүлээж авахгүй гэх. Яахав шинжилгээ өлөн шээсээр өгнө, тэр нь өглөөний цаг гэдэг байхыг үгүйсгэхгүй, би ямар мэргэжлийн хүн биш мэдэх юм алга. Гэтэл нэгэнт шинжилгээгээ өгчихсөн хүн өөр үйлчилгээ авах гэхэд хариу нь мөн л адил. Сураг сонсох нь ээ эмч нар өглөө нь төрийнхөө үндсэн ажлыг халтуурдахдаа эмнэлэг рүүгээ “хөөж” явуулсан хүмүүсээ үзэх гэж өдөр нь хувийн эмнэлэг рүүгээ явдаг гэх. Нөгөө “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад эмнэлгийн мэргэжилтэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах нь ёс зүйд үл нийцнэ” гэсэн хууль тогтоомж яалаа.

       Хутгалуулсан хүнд оёдол тавьчихаад эрүүлжүүл гээд явуулчихсан нөгөө хүн нь үүрийн 5 цагт шархаа даалгүй өнгөрчихсөн тухай сонингоос уншлаа. Нөгөө “эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн эрх ашиг, нэр төрийг дээдлэн хүндэтгэж. хүнлэг энэрэнгүй, шударга хандана” гэсэн нь юу болов. Дуудлагаар ирсэн эмч “аав чинь өнөөдрөө даах насгүй болчихож, үзээд нэмэргүй” гэж хэлэхэд нь уйлсан охиныг нь “юундаа уйлаад байгаа юм, хойдохыг нь бэлдээч” гэж загнаж байхыг харлаа. Гэтэл аав нь тэр цагаас хойш багагүй хугацаанд амьдрахыг үзлээ. Өнөөх “үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар өөрт нь үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг эмч шийднэ.” гэсэн нь яав.

       Жолооны үнэмлэх авах, зуслан явах зэрэгт бөглөдөг эмчийн хуудсыг аль ч эмнэлэгт 5 мянгаар хуурамчаар бөглөдгийг хэн ч мэднэ. Төрийн албан хаагчийн эрүүл мэндийн хуудсыг харин 20 мянга гэх юм билээ. “Эмнэлгийн мэргэжилтэн нь бусдын хүсэлтээр ямар нэг тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах ёсгүй.” гэсэн сайдын тушаал хаана хэрэгжиж байна вэ?!........

       Монгол Улсын Иргэн бүрийн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” үндсэн эрх Үндсэн хуулиар баталгаажсаныг дахиад хэлье. Үндсэн хууль гэдэг бол төрийн эрхийг хазаарласан, үүргийг тодорхойлсон хууль. Эндээс төр иргэдийн үндсэн эрхийг бэхжүүлэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүрэгтэй болох нь харагдана. Гэтэл төр хэзээ ч энэ үүргээ сайн дураараа биелүүлэхийг хүсдэггүй. Харин ч боломж, цоорхой гарвал л иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж, өөрт ашигтай байдал үүсгэхийг хичээнэ. Тэгэхээр иргэд эрх чөлөөний үнэ төлөөс болгож байнгын сонор сэрэмжээр хяналт тавьж байж л төрийг үүрэгжүүлж, эрхээ эдлэнэ. Эрүүл мэндийн салбар яг ийм л байдалтай байна. Хохироод байгаа иргэд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхгүй, үг хэлэхгүй, дуу хоолойгоо өргөхгүй, шаардлага тавихгүй, харин ч “за яахав дээ, өөр арга байхгүй юм чинь, өвдөөд байж байлтай биш дээ” гэх мэтээр өөгшүүлээд байхаар хэн бидний эрхийг хамгаалах гэж тэмцэх билээ. Бодит байдлыг, эмч нарын хууль тогтоомж зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг иргэн та бид хүлцэнгүй хүлээн зөвшөөрч хохирсоор л байх уу?!..........

2013-05-29,  15:39:03


Comments


Бичлэг: 13 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax