Мэргэн
2009-1-3
ХУУЛЬ ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН НЭГ ҮНДСЭН ШИНЖ БОЛОХ ТУХАЙД

Ангилал: Илтгэл, эссэ

Товч мэдээлэл
Оролцсон хурал, он:
МУИС-Хууль зүйн сургуулийн 2004-2005 оны ОЭШБХ
Илтгэлийн сэдэв:
Хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн нэг үндсэн шинж болох тухайд
Илтгэгчийн нэр:
Б.Мэргэн
Удирдсан багш:
М.Батсуурь
Сургууль, анги
МУИС-Хууль зүйн сургууль, Эрх зүйн 1-1
Үзүүлсэн амжилт
МУИС-Хууль зүйн сургуулийн 2004-2005 оны ОЭШБХ-ын дэд байр

ХУУЛЬ ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН 
НЭГ ҮНДСЭН ШИНЖ БОЛОХ ТУХАЙД

Тотворгүй байнга өөрчлөгддөг хууль нь түүнийг
хэвлэхэд зарцуулсан цаасны ч үнэд хүрэхгүй [1]
       1.Оршил
     Монгол Улсын Үндсэн хуулийг зарлан тунхаглахын учрыг хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, эх орондоо хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоон байгуулна хэмээсэн. Тиймээс энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүн төрөлхтний ололт болсон эрх зүйт төрийн тухай үзэл сургаал, хандлагыг нарийвчлан судалж, түүний үндсэн зарчмуудыг манай эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн хөгжүүлэх нь тус орны хууль зүйн шинжлэх ухааны томоохон зорилт болж байна.
     Миний бие уг судалгаандаа эрх зүйт төрийн тухай цогц асуудлыг иж бүрэн байдлаар хөндөх гэсэнгүй бөгөөд харин өнөөдөр манайд ердийн үзэгдэл мэт болсон хууль байнга өөрчлөгдөх, хүчингүй болох хийгээд түүнээс үүдэж нийт хүмүүсийн дунд "монголын хууль 3 хоног" гэсэн үг яриа гардаг хандлага бий болсонд эрх зүйт төрийн үүднээс үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино.

     2. Эрх зүйт төрийн тухайд
     Эрх зүйт төр бол хүний эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалах үүднээс хуулийг дээдэлдэг төрт ёсны эрх зүйн мөн чанарыг илэрхийлдэг ойлголт юм. Хуулийг дээдэлдэг, иргэний нийгмийн хяналтад байдаг, хүний эрх, эрх чөлөөг бодитой хамгаалдаг нь эрх зүйт төр билээ. [2] XIX зууны эхний хагаст, дураар авирлах ёс деспотигийн оронд төрд эрүүл саруул ухамсар ноёрхох ёстой гэдэг утгаар нь ярьж байсан бол, мөн зууны хоёр дахь хагаст дээрх санааг цааш нь хөгжүүлж, төр нь зөвхөн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн хязгаарыг хуулиар тогтоодог байх нь зүйтэй гэж үзэх болжээ. Ингээд төр эрх эдлээд зогсохгүй бас үүрэг хүлээдэг эрх зүйн этгээд байх учиртай болсон байна.
     Энэ үзэл санаа нь түүхэн явцад боловсронгуй болж улмаар хэмжээт эрхт хаант төр, дараагаар нь бүгд найрамдах төрд эрх зүйт төрийн шинж байдлаар хөгжиж байгаа болно. Эртний Грек, Ромын нийгэм "хүмүүст хууль хэрэгтэй шиг, төрд өөрт нь хууль хэрэгтэй" [3] хэмээн үзэж байлаа. Хуулинд захирагддаг байх нь төрийн нэг салшгүй атрибут гэсэн санааг илэрхийлж "төрийн мөхөл холгүй байгааг хууль засаглахгүй байгаа газар ажиглахад төвөгтэй бус" (Платон) "хаана хууль засаглахгүй байна, тэнд төрийн байгууллын хэлбэр орших орон зай байхгүй. Хууль бүгдийг засаглах ёстой (Аристотель) гэх зэргээр бичсэн буй. [4]
     Эрх зүйт төрийн тухай ойлголтыг Т.Хоббс, Ж.Локк, И.Кант, Ш.Монтеське зэрэг сэтгэгчид орчин үед бидний ойлгож байгаа байдалд хүргэн боловсруулсан байна. Тэдний дундаас Ж.Локк, Ш.Монтеське нар "бүхнийг хууль засаглах ёстой", "засаглалын эрх мэдлийг хуваарилах ёстой" гэдэг санааг жинхэнэ утгаар нь дэвшүүлсэн билээ. Локкийнхоор хүмүүс эрх тэгш, эрх чөлөөтэй байхын баталгаа эрх зүйт төр буюу.
     Бүхэнд засаглах хууль чухам юунд тулгуурлах ёстой вэ гэдгийг задлан шинжилсэн нь "Хуулиудын амин сүнс" хэмээх Монтеськегийн бүтээл болно. Тэрбээр: "хуулийн амин сүнс засаглагчдын хүсэл зориг, дээрээс тогтоон хэвшүүлэх хэм хэмжээний цэцэн мэргэнд бус, харин хүн, байгаль хоёрын салшгүй холбоогоор нөхцөлддөг. Засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилж тэнцвэржүүлэх нь хууль засаглах, хүний эрх , эрх чөлөөг бодитой хангах болон хамгаалах гол нөхцөл хэмээн үзэж байжээ. Эрх зүйт төрийн онолын гүн ухааны үндэслэлийг хамгийн гүн гүнзгий боловсруулсан нь И.Кант билээ. Тэрээр: "Төрийн үндэс суурь бол эрх зүйт хууль бөгөөд хүмүүс ийм хуулийн дор нэгдэж төрийг тогтооно. Эрх зүйт хуулийг дээдлэх нь тийнхүү эрх зүйт төрийн гол шаардлага, оршихуй арга бөгөөд жинхэнэ хуулийн салшгүй шинж бол эрх чөлөөний нийтлэг хуулинд тулгуурласан ёс суртахуунт чанар мөн. Ёс суртахуунгүй хууль буюу эрх зүй нийгэм дэх эвлэршгүй зөрчлийн эх үндэс болж байдаг" [5] гэжээ.
     Эрх зүйт төр өөрийн удирдлагын хөгжингүй түвшин, нийгэм бүхэлдээ өөрийгөө зохион байгуулахуйц төлөв байдал гэж үзсэн өөр нэг сэтгэгч бол Р.Гнейст юм. Түүнийхээр, эрх зүйт төр төрийн эцсийн зорилго биш, мөн эрх зүйг дээд зэргээр хянаж буй хэрэг  ч бас биш. Эрх зүйт төрийн гол чанар нь өөрийгөө хязгаарлах байнгын хүсэл зориг бөгөөд энэ нь хувьдаа төрийн зохион байгуулалтын зөв хэлбэршил болох аж. Засгийн газрын засаг, шүүх, хууль тогтоох засаг бодитой орших явдал бол эрх зүйт төр төлөвших урьдчилсан нөхцөл, эхлэх цэг мөн. [6] 
     Орчин үед эрх зүйт төр гэдэг нь германы эрх зүйн нэр томъёо болох нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд германаар der Reschtsstaat, англи хэлний хууль зүйн үгсийн санд Rule of law гэж томъёолсон байдаг. Уг нэр томъёоны ялгаатай шинж байдлаас үл хамааран, барууны либерал ардчилсан төр болгоны Үндсэн хуулиудад эрх зүйт төрийн утга санаа ямар нэг байдлаар агуулагдаж байдаг болно. Үүнй утга санаа нь:
  •      хууль хэрэглэгчээс дур зоргоороо аашлах болон хуулийг завхруулах аливаа үзэгдэл гаргахыг хориглоно;
  •      хуулийн өмнө хүн бүр тэгш эртэй байна;
  •      эрх зүйг хэрэгжүүлэх болон түүнийг зөрчих явдлыг тухай бүрт нь тооцож, зөрчсөн тохиолдолд хариуцлага заавал хүлээлгэнэ гэдэгт оршино. [7]
     Эрх зүйт төр нь өөрөө хууль тогтоогч төр юм. Үүнтэй уялдаатайгаар эрх зүйт төрийн хэд хэдэн онцлогийг дурдвал:
  •      Эрх зүйт төрд захиргааны байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа тус бүр хууль зүйн үндэслэлтэй, хуулиар зөвшөөрөгдсөн байхыг шаарддаг. Үүнийг захиргаа хууль      зүйн дагуу байх, өөрөөр хэлбэл, удирдлага хууль зүйн дагуу байх ёстой гэсэн богино утгаар томъёолдог байна
  •      Эрх зүйт төрд хуулийг дээдэлнэ. Энэ нь захиргааны байгууллага үйл ажиллагаандаа эрх зүйн бусад акт дотроос гагцхүү хуулийг анхдагч гэж үзэн мөрдлөгө болгоно      гэсэн утгатай юм. Үүгээр хууль тогтоогчийг төрөөс хамгаалахаас гадна, ард түмэнд хуулийн талаар нэг мөр ойлголт өгөх, тэдний эрхийг хамгаалах ач      холбогдолтой болно.
  •      Эрх зүйт төрд хүний эрх, эрх чөлөө халдашгүй дархан байх ёстой боловч улс нийгмийн онц чухал шаардлагаас тэдгээрийг хязгаарлаж болдог. Төрийн болон эрх зүйн      ерөнхий онолын шинжлэх ухаанд тийнхүү хязгаарласан заалтууд хүний ямар эрхийг хөндөж болох эсэх талаар өгсөн ангилал байдаг. Эрх чөлөөг хязгаарлах тухай      асуудлыг гагцхүү хууль тогтоогчоос хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой бөгөөд үүнийг өөр эрх зүйн акт эсвэл захиргааны шүүхээр шийдвэрлэхийг хориглодог юм.      [8]
     Эрх зүйт төрийн элемнетүүдэд  тухайн улсын Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулиар бэхжүүлсэн тухайн нийгмийн чөлөөт ардчилсан хэв журмыг хамгаалахтай холбоотой хүчин зүйлүүд багтдаг гэдэг утгаараа энэ нь улс орон бүрд өвөрмөц ялгаатай байх бөгөөд Үндсэн хуулийг хамгаалдаг Үндсэн хуулийн шүүхүүд Үндсэн хуулийн онол дээр тулгуурлаж буй маргаан шийдвэрлэх практик үйл ажиллагааныхаа явцад уг элементүүдийг цогцлон бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой байдаг . Өөрөөр хэлбэл, эрх зүйт төрийн онолын үндэслэл төрт нийгэм болгонд адил төсөөтэй боловч эрх зүйт төр ямар элементтэй байх нь төр болгонд өөр байж болдог. Элементүүд нь гагцхүү онолынхоо үндэслэлд нийцэж байх ёстой, тэгж гэмээнэ төр эрх зүйт төр болно. Доктор Ц.Сарантуяа эрх зүйт төрийн шинжийг дараах байдлаар гаргаж тавьсан бөгөөд үүнд:
  •      эрх мэдлийг хуваарилах зарчим;
  •      хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах явдал;
  •      төрийн байгууллагууд гагцхүү эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллах явдал;
  •      эрх зүйн баталгаат байдлыг болон хуулийг дээдлэх зарчим хамаарах юм. [9]
     Харин доктор Н.Лүндэндорж "эрх зүйт төр-төр ёсны түүхэн бэрх цаг үеэр тавигдсан загвар юм. Харин үндсэн хуульт төр нь цаг хугацааны үзлээр энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хамгийн шилдэг хэрэгсэл. Чухам иймээс л эрх зүй яв цав баримталдаг байх ёстой байсан төрийн тухай шаардлага тавихдаа XIX зуунд Үндсэн хуульт ёсны хэлбэрийг л эрх зүйн дэг журмын баталгаа болсон хамгийн шилдэг хэрэгсэл гэж үзжээ. Харин эрх зүйт төр - хүний эрх, эрх чөлөөг аливаа дур зоргоос тууштай хамгаалах механизмтай, зөвхөн зүй тогтолт хууль, эрх зүйд үйлчилж байдаг төрийн ардчилсан загвар мөн" хэмээн үзсэн бөгөөд түүний шинжийг дараах байдлаар авч үзсэн. 
  •      Эрх зүйт хууль, ялангуяа Үндсэн хууль үнэнхүү дээдлэгдэх нь эрх зүйт төр орших гол нөхцөл мөн. Үндсэн хуулийн үзэл санаа эрх зүйн тогтолцооны хөдөлбөргүй чиг      шугам болж, хуулиас дээгүүр буюу гадуур хэн нэгний ямар нэг хүсэл зориг үл ноёрхоно. Төрөөс баталсан хууль дээд хүчин чадалтай бөгөөд түүнийг эрх олгогдсоноос      бусад ямар ч субъект өөрчлөх болон хүчингүй болгох эрхгүй. Эрхийн бусад бүх акт тэдгээр хуулинд нийцэж байх ёстой.
  •      Хүний эрх, эрх чөлөөний баталгааг найдвартай хангах нь эрх зүйт төрийн гол зарчим мөн. Төр хүний төрөлх эрхийг хөндөхгүй, гагцхүү хүндэтгэн хамгаалахаа      хуульчилна гэсэн үг. Хүний эрх, эрх чөлөөний аливаа хязгаарлалт, хориглолт бусдын эрхийг хамгаалахад л захирагдана. Энэ тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн 19      дүгээр зүйлд: "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй" гэж заасан      буй.
  •      Төрийн эрх мэдлийн хуваарилалт - эрх зүйт төрийн нэг чухал зарчим. Төрийн эрх мэдлийг хуваарилах нь хууль дээдлэгдэх, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах,      эрх зүй бүтэц-зохион байгуулалтын илэрхийлэл болох бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хөндөх эрх бүхий төрийн байгууллагуудыг харилцан тэнцвэртэй орших, бие биеийн      хэрэгт үл оролцох, харилцан бие биенээ хянах бүтэц зохион байгуулалтад оруулж, Үндсэн хуулиар хамгаална гэсэн үг.
  •      Хараат бус шүүх төлөвшсөн байх явдал эрх зүйт төрийн нэг чухал зарчим мөн. Эрх зүйт төрийн нэг зарчим - иргэн хүний аливаа дур зоргоос хамгаалах, гэм буруугийн      аливаа хэлбэрийг зөвхөн хуулинд зааснаар шүүх, шүүгч л шийдвэрлэж байх, шүүх эрх мэдлийг төрийн бусад үүргээс тусгаарлах, бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх улс      төр, хууль зүйн болон бусад орчныг бүрдүүлэх явдал мөн.
  •      Төр хийгээд иргэн харилцан хариуцлага хүлээх нь эрх зүйт төрийн нэг баталгаа мөн. Төр, иргэний харилцааны үндэс нь тэгш эрх, шударга ёс бөгөөд төр нь иргэнийхээ,      иргэн нь төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, тэрхүү тэгш эрх, шударга ёсны хэмжүүр болж байдаг. [10]
     3, Хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн нэг үндсэн шинж болох тухайд
     "Хуулийг нарийн лавшруулан үзэхгүйгээр сонирхож мэдье гэвэл хууль нь хэн, юуг хийх, ямар үйлдэл үйлдэж болох эрхтэй болохыг тодорхойлж байдаг [11] юм бол жирийн иргэний зүгээс хуульд тавих нэн тэргүүний шаардлага бол хууль тодорхой хийгээд тогтвортой байх ёстой. Энэ үүднээс иргэн хийгээд хуулийн хооронд удаан хугацааны хэвшмэл холбоо үүсэж чаддаг бөгөөд чинагш нийт иргэдийн хувьд энэ нь эрх зүйн соёл болон төлөвших хамгийн сайн нөхцөл болох чадвартай байдаг. Эндээс ургаж түүний удаах шинж буюу хуулийн зохион байгуулалт, журамт хийгээд тодорхой, ойлгомжтой, логик системчлэл бүхий дараалалтай байх чадварын асуудал тавигддаг" [12] Үүнийг хамгийн түрүүнд онолын түвшинд боловсруулсан сэтгэгч бол Лон Фуллер юм. Тэрээр аливаа эрх зүйн тогтолцоо нь дараах найман зарчмыг зайлшгүй тусгасан байх ёстой хэмээн үзсэн. Үүнд:
     1. горим журмууд нь нийтлэг нөхцөлөөр илрэх ёстой;
     2. горим журмууд нь нийтэд зарлагдсан байх ёстой;
     3. горим журмууд нь үйлчлэх ирээдүйтэй байх ёстой;
     4. горим журмууд нь маш ойлгомжтой нөхцөлөөр илэрхийлэгдсэн байх ёстой;
     5. горим журмууд нь бие биенээ малгайлан захирсан байх ёстой;
     6. горим журмууд нь хамрагдаж буй талуудын бүрэн эрхэд үл хамаарах зан үйлийг шаардах эрхгүй;
     7. горим журмууд нь субъект түүнд итгэл найдвараа алдтал байнга өөрчлөгдөх ёсгүй;
     
8. горим журмууд нь үндсэн хэв маяг бүхий тогтолцоондоо захирагдах ёстой.

     "Эрх зүйн тогтолцоо нь эдгээр хууль ёсны угтвар зарчмуудыг бага боловч тусгаагүй бол хүмүүсийн зан үйлийг горим журмаар хянаж, нийтийн дэг журам тогтоох хуулйн бодит зорилгод хүрч чадахгүй" байна. Тухайлбал, "2" ба "4" зарчмыг үл ойшоосон горим журмуудын тогтолцоонд хүмүүс горим журмууд өөрсдөөс нь юу хийхийг шаардаж буйг мэдэхгүй учраас эрх зүйн тогтолцоо үр нөлөөгүй болж хувирна. Тиймээс эдгээр найман зарчмууд нь хууль ёс орших дотоод нөхцөл"[13] ажээ.
     АНУ-ын эрдэмтэн К.Осакве Өрнийн үндсэн хуульт ёсны хөгжлийн үндсэн шинжид хууль тогтвортой байх шинжигй дурдсан. [14] Тэрээр 2002 онд гаргасан номондоо энэ тухай "Тогтворгүй байнга өөрчлөгддөг хууль нь түүнийг хэвлэхэд гарзадсан цаасны ч үнэд хүрэхгүй" [15] хэмээн уг шинжийн ач холбогдлыг өргөн тавьсан байдаг.
     Дээрхээс үзэхэд удаан хугацаанд өөрчлөгддөггүй тогтвортой үйлчилдэг хууль нь хүн ба хууль хоёрын хооронд удаан хугацааны хэвшмэл, нөхөрсөг гэмээр холбоог үүсгэж, иргэдийн хуульд итгэх итгэлийг сэргээдэг. Ийм ч учраас Америкийн ардчиллыг 200 гаруй жилийн турш үйлчлэхдээ 27хон удаа өөрлчлөт орсон АНУ-ын Үндсэн хуультай холбон тайлбарладаг биз ээ.

     4. Факт
     1992 онд Монгол улс шинэ ардчилсан Үндсэн хуулийг батласнаас хойш үүнд тулгуурлаж эрх зүйн хэм хэмжээнүүдийг шинээр гарган, системчлэх болсон. Одоогийн байдлаар нийт 300 шахам хууль үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт дүн шинжилгээ хийж үзэхэд нэмэлт, өөрчлөлт ороогүй хууль бараг байхгүй ажээ. Хуулийн төслийг урьдчилан нийт иргэдийн болон мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлэхгүй шууд УИХ-д оруулж байгаа нь хууль ончтой, удаан хугацаанд үйлчлэх чадвартай гарах магадлалыг эрс бууруулж байна. Тэр ч битгий хэл эрдэмтэн судлаачдын саналыг үл тоомсорлон батлах явдал хүртэл байсан. Тухайлбал, академич С.Нарангэрэлийн 2002 онд эрүүгийн хуульд өгсөн 20 хуудас саналыг ойшоогоогүй нь үүний тод жишээ мөн.
     Нэмэлт, өөрчлөлт орсон бүх хуулиудыг бичвэл нэлээд их болох тул зөвхөн 10 болон түүнээс дээш удаа өөрчлөлт оруулсан хуулиудыг бичлээ. /2004.11.02-ны өдрийн байдлаар/

 
д/д Хуулийн нэр /Батлагдсан огноо/ Хэзээ өөрчлөлт орсон Хэдэн удаа
1. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль /92-12-14/ 93-11-23-ээс 04-04-22  19
2. Захиргааны хариуцлагын тухай хууль /92-11-27/ 93-04-17-оос 04-04-30 29
3. Засгийн газрын тухай хууль /93-05-06/ 93-12-16-аас 04-09-22 26
4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /98-01-98/ 98-08-06-аас 04-04-22 16
5. Онцгой албан татварын тухай хууль /93-01-21/ 93-11-23-аас 04-01-02 20
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /93-07-15/ 95-04-17-оос 03-11-20 18
7. Цагдаагийн байгууллагын тухай хууль /93-12-02/ 95-10-17-оос 03-11-07 15
8. Хүн амын орлогын албан татварын тухай хууль /92-12-14/ 92-12-29-өөс 04-04-22 12
9. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /92-05-05/ 93-06-11-ээс 02-05-17 10
10. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /01-02-01/ 01-06-29-өөс 03-11-28 13

     5. Дүгнэлт
     Дээрхээс үзэхэд удаан хугацаанд өөрчлөгддөггүй тогтвортой үйлчилдэг хууль нь хүн ба хууль хоёрын хооронд удаан хугацааны хэвшмэл нөхөрсөг гэмээр холбоог үүсгэж, иргэдийн хуульд итгэх итгэлийг сэргээдэг. Харин тогтворгүй байснаар иргэн хууль хоёрын хоорондох холбоо тасарч, түүнийгээ дагаад иргэдийн эрх зүйн ухамсар үгүй болдог. Үүнээс үүдэн хуулийн зохион байгуулалт, журамт хийгээд тодорхой, ойлгомжтой,  логик системчлэл бүхий дараалалтай байх чадварын асуудал үгүй болдог.


[1] Осаквэ К. Харьцуулсан эрх зүй судлал. Ерөнхий ба тусгай анги. УБ., 2005.
[2] Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 1997.
[3] Платоны санаа. Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ., 2002
[4] Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 1997.
[5] Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ., 2002.
[6] Тэмүүжин Х. Jus Frast буюу ёст үг. УБ., 2004.
[7] Сарантуяа Ц. Төрийн ерөнхий онол. УБ., 1998.
[8] Мөн тэнд.
[9] Мөн тэнд.
[10] Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ., 2002.
[11] Нарангэрэл С. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2001. 5 дахь тал.
[12] Батсуурь М. Вестернизаци хийгээд өрнөдийн эрх зүйн соёл. Эрх зүй сэтгүүл. УБ., 2004.
[13] Батсуурь М. Орчин үеийн жам ёсны эрх зүйн онолын зарим асуудал. Эрх зүй сэтгүүл. №13-14. УБ., 2004.
[14] Осаквэ К. Харьцуулсан эрх зүй судлал. Ерөнхий ба тусгай анги. УБ., 2005.
[15] Мөн тэнд.


Comments

2013-2-15 - х

Бичсэн: оюука (зочин)

хххх

. Шууд холбоос


2011-4-13 -

Бичсэн: отгоо (зочин)

ёстой гого болжээ баярлалаа
алга ташилт

. Шууд холбоос


2009-9-27 -

Бичсэн: Мэргэн

банжиг рүү нүүгээд ойрд ийшээ ороогүй юм байна. баярлалаа хэхэ

. Шууд холбоос


2009-8-22 -

Бичсэн: Зочин

гоё шүү ystoi ynztai manai deed veiinxn mandtugai. baxarxdag shv

. Шууд холбоос


2009-3-14 -

Бичсэн: Зочин

laughing

. Шууд холбоос


2009-1-4 -

Бичсэн: Мэргэн

За ойлголоо. Баярлалаа

. Шууд холбоос


2009-1-4 - Илтгэл сайн болжээ

Бичсэн: Насаа (зочин)

Сонирхолтой, практикт ойрхон судалгааны ажил болсон байна.

Жич:"Амьдралынхаа туршид гаргасан амжилтууд" бичлэгийн зарим фонт нь таниагүй барзгар байсан шүү. засаарай

. Шууд холбоос



Бичлэг: 36 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн

idiomatic-dormant