Мэргэн
2009-01-02
ХЭТТ ХҮНИЙ ЭРХИЙН БАТАЛГАА БОЛОХ НЬ

Ангилал: Илтгэл, эссэ

     Хамгийн анх наймдугаар ангидаа эссэ бичиж байж билээ (бага ангийн эссэ нэртэй зохион бичлэгүүдийг эс тооцвол шүү дээ). Захирал бүгдэд нь эссэ бичих даалгавар өгсөн ч хэдхэн хүүхэд л даалгавраа хийж тэр дундаас нь минийх гайгүй тоогдсонд тэр үедээ л додигор байсан санагдана. Үнэнийг хэлэхэд тэр нь эссэ ч гэж дээ та бидний сайн мэдэх ДЭҮ корпорацийн захирал Ким Ү Жин-ий "Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна" номны энд тэндээс хуулаад эвлүүлчихсэн голд нь ганц нэгхэн өөрийн санаагаа оруулсан нэг тиймэрхүү л юм байсан юм. Тэрнээс хойш эссэ рүү дөхөж очихоор 10аадхан бичвэр бичсэн бөгөөд хамгийн сүүлд бичсэнийгээ энд орууллаа.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ ХҮНИЙ 
ЭРХИЙН БАТАЛГАА БОЛОХ НЬ

Хүний эрхийн үндэсний комиссоос зарласан эссэ
бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
 

Оршлын оронд - Хүний эрх баталгаажсан нь буюу түүхийн хуудас сөхвөл...

Хүний бие хүн болох шинж чанар нь түүнд эрх зүйн этгээд болох шинж чанарыг олгож буй ба хүн зөвхөн оршин байгаа гэдгээрээ л тодорхой эрхүүдийг эдэлдэг. Үүнийг хүний эрх гэдэг. Хүн төрөлхтөн түүхийн бүхий л цаг үед уг эрхээ баталгаажуулахын төлөө тэмцэл өрнүүлж ирсэн бөгөөд тэр чинээгээрээ тухайн цаг үеийн нөхцөл байдал, ёс заншил, соёлын иргэншлийн гаж үзэгдэл, хаан хийгээд язгууртнууд хэмээгдэх зүй бус эрх мэдэлтнүүдийн харгис дарангуйлал зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байв. Гэвч эцсийн бүлэгт шударга ёс ялж хүний эрх өөрийн бодит шинж чанараараа баталгаажсан бөгөөд түүхэн учиг шалтгааныг дор дуръя.

Эртний Грек, Ром нь өнөөгийн соёл иргэншлийн эхлэх цэг нь байж судлаачид аливаа түүхэн хөгжлийн эх сурвалжийг нэн тэргүүнд тэндээс эрж хайдаг билээ. Тухайн үеийн Грект бурхан тэнгэр хүн бүрийг тэгш байхаар бүтээсэн төдийгүй хэнийг ч боол болгоогүй гэсэн үзэл санаа бий болж, бүхнийг хүчирхийлэгч, заан зааварлагч төр-засгийн эрхийг хязгаарлан, хувь хүний эрх чөлөөг улам бүр өсөн нэмэгдүүлэхийг зорьж байсан юм. Эртний сэтгэгч Аристотель “Аливаа хууль нь нэгэн төрлийн (жам ёсны) эрхэд үндэслэж байдаг бөгөөд хэрэв тиймгүй бол хууль нь хэмжээгүй эрхт ноёрхлын хэрэгсэл болж хувирна” [1] гэж хэлжээ.

Харин Дундад зуун бол хөдлөшгүй үнэнийг хүсэгч сохор итгэл, үг дуугүй захирагдах явдал, оюун ухаанаас давсан бишрэл ноёрхсон мистицизмын (мухар харанхуй сүсэг бишрэл) эрин үе байсан[2] бөгөөд эрх чөлөө хэмээх ойлголт нь хаан хийгээд түүний алтан ургийнханд хамаатай болтлоо явцуурч байв. Үүний дараагаар сэргэн мандалтын эрин үед хүний оюун санаа чөлөөлөгдөж, сохроор дагаж мөрдөх явдлыг ухаалгаар эргэцүүлэх явдал ялж, оюун ухаан эргэн ирсэнээр[3] хэн бүхэнд хүртээлтэй эрх чөлөөний үзэл гарч ирэхэд хүргэсэн билээ. Ийнхүү эрх чөлөө нь нийт хүн төрөлхтөнд хамаатай юм байна гэсэн үзэл төлөвшихөд өрнийн сэтгэгчид чухал хувь нэмрээ оруулжээ. Тухайлбал, английн сэтгэгч Ж.Локк “Хүний эрх төр үүсэхээс өмнө байсан учир бид түүнийг байгалаас заяасан эрх гэдэг. Байгал бидэнд эрхийг өгчээ...Хүн бүр төрөлхөөсөө амьд явах, халдашгүй байх, өмчлөх эрхтэй байдаг[4] хэмээн номлож байв. Мөн эрх чөлөөний эцэг гэгддэг Ж.С.Милл “Соёл иргэншсэн нийгмийн гишүүнийг зүй ёсоор дарамталж, түүний хүсэл зоригийн эсрэг эрх мэдэлтний зүгээс үйлдэж болох цор ганц шалтгаан бол бусдад хор хөнөөл учруулахыг нь зогсоох явдал. Бие бялдар, ёс суртахууны давуу байдал нь түүнийг цагаатгах үндэс болохгүй[5] гэж хувь хүний эрх чөлөөг хамгаалахыг сурталдаж байв.

Хүн төрөлхтөн эрх чөлөөний талаар олсон амжилтандаа тайвширч, Жэффэрсоны “байнгын сонор сэрэмж бол эрх чөлөөний үнэ төлөөс байдаг” гэсэн анхааруулгыг умартсаны учир XIX зууны сүүлийн хагаст АНУ болон Европ дахь төрүүд дайнаар шалтаглан улам бүр томорч хүний эрхийг уландаа гишгэж эхлэв. Гэвч дайны дараагаар буюу 1948 оны 12 дугаар сарын 10-ны түүхэн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-ыг баталсанаараа цөмийн аюул, колончлол, тэгш бус байдалд нэрвэгдсэн дайны дараах ертөнцөд арьс өнгө, гарал үүсэл, итгэл үнэмшлээс нь үл хамааруулан хүний эрхийг тэгш хамгаалах[6] тухай үзэл санаа дэлгэрэхэд үнэлж баршгүй нөлөө үзүүлсэн юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал-хүний эрхийн баталгаа болох нь

Орчин үеийн Үндсэн хуульт ёсны онолоор хүний жам ёсны эрх нь эрх зүйн үндсэн хэм хэмжээ хийгээд зарчмуудад зайлшгүй тусгалаа олсон байх ёстой. Ингэж байж гэмээнэ үндсэн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан, төрийн эрх мэдлийг хязгаарлах хүчин чадалтай, хүний эрхийг хамгаалсан, шууд үйлчлэх эрх зүй болж чадна. Австрийн хуульч, эрх зүйн онолч Ханс Кельзен “Эрх зүйн цэвэр онол” бүтээлдээ эрх зүй өөрөө өөрийнхөө ертөнцийг цогцлуулахын тулд бусад бүх хэм хэмжээг бүтээх Үндсэн хэм хэмжээ байхад л хангалттай[7] гэж бичсэн нь орчин үеийн үндсэн хуульт ёсны онолыг хөгжүүлж, хүний эрхийг хамгаалахад томоохон нөлөө үзүүлсэн юм. Кельзений үндсэн хэм хэмжээ нь аливаа улсын Үндсэн хуулинд тусгалаа олдог байна.  Тиймээс Үндсэн хуулийг “...хамгийн дээд зарчим буюу хэм хэмжээнүүдийн хэм хэмжээ...”  гэж тодорхойлдог.

Ийнхүү Кельзен Үндсэн хууль дах хүний эрхийг хамгаалах үзэл санаа төлөвшихөд онолын талаас нь үнэтэй хувь нэмэр оруулсан бол тэр нь улс бүрийн Үндсэн хуулинд бодит тусгалаа олж жинхэнэ утгаараа хүний эрхийн баталгаа болох үндсийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал  тавьсан юм. Учир нь Түгээмэл тунхаглал нь шинээр тусгаар тогтносон улс гүрэн болон залуу ардчиллуудын Үндсэн хуулиа боловсруулах үлгэр загвар болсоор иржээ.[8] Тухайлбал, Түгээмэл тунхаглалыг үзэл санааг Болгари улс Үндсэн хуулийнхаа 2 дугаар бүлэгт (25-61 дүгээр зүйл), Эстони улс 2 дугаар бүлгийн 8-55 дугаар зүйлд, Япон улс 3 дугаар бүлэгт (10-40 дүгээр зүйл) Унгар 12 дугаар бүлэгтээ тусгасан бол манай  улс Үндсэн хуулийнхаа 2 дугаар бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө” нэртэйгээр баталгаажуулж, 19.1 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн хүний эрхийг хамгаалалтыг бэхжүүлсэн байна.

Энд дурьдахгүй байхын аргагүй нэгэн зүйл бол Тунхаглалын удиртгал хэсэг “Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил, тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх...”, 1 дүгээр зүйл “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээн эхэлдэг нь тохиолдлын хэрэг огт биш юм. Учир нь Үндсэн эрхүүдийн суурь эрхүүд нь Локкийн хэлж сүүлд багагүй эрдэмтэн судлаачдын хүлээн зөвшөөрсөнөөр “Хүн бүрийн төрөлхөөсөө амьд явах, халдашгүй байх, өмчлөх гэсэн заяамал эрхүүд юм” /Бастиа ч бас ингэж үзэж байв/[9] Эдгээр эрхийн нэгдмэл зүй ёсны байдал нь хүний нэр төр (буюу эрхэмсэг оршихуй)-өөр илэрхийлэгдэж хамгаалагддаг. Энэ ч утгаараа XX зууны үед үндсэн эрхийн үндэс нь хүний эрхэмсэг оршихуй гэсэн санаа нэлээд дэлгэрсэн ба орчин үеийн либераль ардчилсан төрүүдийн Үндсэн хуулинд  уг санаа бэхжигдсэн юм[10]. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хууль (1949) чухамхүү энэ эрхээр эхэлдэг ба түүний 1 дүгээр зүйлд “Хүний нэр төр халдашгүй байна. Түүнийг хүндэтгэх ба хамгаалах нь төрийн бүх эрх мэдэлтний үүрэг мөн”[11] гэсэн байдаг.

Дүгнэх нь

Хүн төрөлхтөн хамтаар амьдарч, оюун ухаан бий болсон цагаас эхлэн хүний эрхийн тухай асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд маш олон саад бэрхшээлийг даван туулсаны эцэст Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдан   хүний төрөлхийн буюу зүгээр л оршин байгаагийнхаа хувьд эдлэх тэрхүү эрхүүдийг зарлан тунхагласан юм. Энэ нь эрх чөлөөг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг улс бүрийн Үндсэн хуулинд тусгалаа олсоор өдгөө дэлхий дахинд хүний эрхийг төгс биш ч түүхэн дэхь хамгийн ихээр хамгаалж буй цаг үеийг бидэнд авчраад байна.  Ингэхээр Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүний эрхийн баталгаа мөнөөс мөн болж таарах нь.

Улаанбаатар хот, 2008.11.10



[1] Аристотель. Политика 12. 18. 1225а. С.19.

[2] Мөн ном. 52 дахь тал.

[3] Боаз Д. Либертарианизм. (Орч. Б.Батчулуун). УБ., 2005.52 дахь тал

[4] Боаз Д. Либертарианизм. (Орч. Б.Батчулуун). УБ., 2005. 57 дахь тал.

[5] Mill J. On Liberty. P. 135. Дам ишлэв. Вольф Ж. Улс төрийн философийн удиртгал.(Орч. Б.Батчулуун). УБ., 2002. 137 дахь тал

[6] Арбур Л. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. 60 жилийн ойн тусгай дугаар. УБ., 2008. IV дэхь тал

[7] I bid. S 221-222.

[8] Пан Ги Мун. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. 60 жилийн ойн тусгай дугаар. УБ., 2008. II дах тал

[9] Claude-Frederic Bastiat. The Law. /www.bastiat.com/

[10] Сарантуяа Ц. Эрх зүй сэтгүүл ¹1/2. Үндсэн эрх болон хүний эрх: харьцуулалт, онолын эргэцүүлэл. УБ.,2000. 19 дэхь тал

[11] Ведомство печати и информации федерального правительства. Основной закон Федеративной Республики Германия.13 дахь тал.




Comments

2024-04-10 -

Бичсэн: abu

2024 onoos shuu thanks

. Шууд холбоос


2011-12-13 -

Бичсэн: Зочин

КАК НАЙТИ ЦОГО УЧИЛСЯ В ХЭТТ С 1976 ПО 1980 ПРИМЕРНО

. Шууд холбоос


2011-11-28 -

Бичсэн: Зочин

тэврэлт

. Шууд холбоос


2010-09-29 -

Бичсэн: Зочин

гое бна баярлах

. Шууд холбоос


2009-09-09 -

Бичсэн: Зочин

ирмэх тэврэлт

. Шууд холбоос



Бичлэг: 37 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax