Мэргэн
2014-03-14
ХАЙРЫН ТӨӨРӨГ

Ангилал: Бусад

Жаргах хараахан болоогүй ч илч нь хэдийнээ буурсан нарыг ширтэх бүсгүй  “Хүмүүс яагаад мандаж байгаа наранд дуртай байдаг юм бол. Надад нар яг ийм байгаа үедээ л сэтгэл татам харагддаг” гэхэд  залуу  “Тийм гэж үү?” хэмээн асуултыг асуултаар хариулахдаа огт өөр зүйл бодож байлаа…

…Хайр чи урилгагүй зочин, харин би зорилгогүй тэмүүлэл. Хаалгаа нээхэд чи ирээгүй ч, хаахын цагт үүдийг минь тогшоогүй. Санаандгүй байтал түрэмгийлэн дайрсан, сэтгэл минь тэгэхэд бэлтгэлгүй тэвдсэн. Эхэндээ чамайг би таниагүй, ихэрхэж бас тоомжиргүй хандсан. Харин чи хүлээцтэй байсан, хатууг зөөлөн нь яваандаа идсэн. Удалгүй би өвдөг сөхөрсөн, ухаан бодол минь чамд хүлэгдсэн. Одоо чамайг зүрхэндээ залъя даа, орчлонгийн жамыг сөрж дийлэхгүй нь…. Бодол гэдэг хүчтэй юм, бүхий л зүйл санаа дагалаа… Цохилох зүрх минь догдлоод эхэллээ, лугших хэмнэл нь түргэсээд байна. Цоожтой сэтгэл минь төдөлгүй нээгдлээ, цорын ганцхан чамайг л хайрлая… Хараад л баймаар алаг нүд, хайр хүргэм дулаан төрх, сэргэлэн мөртлөө ёжтой харц, сэтгэл татам эелдэг зан, доогтой атлаа дотно үг, дүрсгүй гэлтэй хөгжилтэй инээд, донжийг нь тааруулж өмссөн хувцас,  дүрсийг нь тохируулж зүүсэн шил, нэр чинь хүртэл гэгээлэг утгатай, нээрээ л чи хөөрхөн охин юм… Ер нь маргааш үнэнээ хэлье, ерөөсөө чамдаа хайраа илчилье…

 

….”Салхинд гарах сайхан байна шүү. Даанч оройтчихлоо. Одоо хоёулаа харих уу даа?” гэсэн бүсгүйн үг залуугийн бодлыг сарниулж орхив. Залуу ч дуулгавартай нь аргагүй машинаа асаан хөдлөхдөө саяны бодолдоо баясан өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Түүний сэтгэлд “хайр” хэмээх нар мандаж байлаа…

 

…Энэ хоёр нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Танилцсан ч гэж дээ сүүлийн 3 бүжиг зарлагдах хүртэл бие биенээ төдийлөн анзаараагүй байснаа үдэшлэгийн төгсгөлд бүжгийн талбай дээр тааран хэдхэн үг солилцсоноос хэтрээгүй аж. Гэхдээ л залуу и-мэйл хаягийг нь аваад амжсан юм. Хэд хоногийн дараа мессенжерт тааран утсыг нь авчээ. Мессеж бичин, хааяа нэг утсаар ярихаас хэтрэхгүй байсаар сар гаруй болов. Угаасаа ч залуу үүнээс илүү гүнзгий харьцааг хүсэж танилцаагүй. Харин бүсгүйн хувьд анхнаасаа эсхүл явцдаа гэдгийн алин болохыг мэдэхгүй ч залууд татагдсаар байлаа. Түүнийгээ зарим нэг мессежээрээ илэрхийлсээр байв. Харамсалтай нь залуу эхэндээ түүнийг ойлгоогүй. Ойлгох сөхөө ч байгаагүй. Хайр гэгчийг хайгаад хайгаад олохгүй байсаар харалган болчихсон байж. Аз болоход нүд нь нээгдэхэд нэг их цаг хугацаа хэрэггүй байжээ.

 

Цас хунгарлан орсон атлаа дулаахан нэгэн өдөр тэр хоёр санаандгүй тохиолдлоор салхинд гарав. Урьдын л адил энгийн яриа өрнүүлсээр уул руу алхалж явлаа. Бүсгүй юуг ч сэтгэлээсээ ярина. Яриа бүрээс нь сэвгүй санаа, сайхан сэтгэл мэдрэгдэнэ. Хааяа гэмгүйхэн инээнэ. Инээднээс нь баяр баясгалан сацарна. Тэгснээ даруухан ширтэнэ. Харцнаас нь хайр энэрэл, аз жаргал ундарна. Залуугийн сэтгэлийн утас хөглөгдөхгүй байж яахин чадах билээ, сая нэг хайртай болсноо ухаарлаа. Үнэндээ бүсгүйд сарын өмнө дурласан ч бүтэлгүй хайраас айсаар байжээ, залуу.  Гэвч удаан хугацаанд өөрөөсөө нуусан хайр нь хүлээсээ тасчин алдуурсан нь энэ. Залуу бүсгүй ч өөрт нь хайртай хэмээн итгэж байсан тул ирээдүйн амьдралаа хамтдаа төсөөлөн эцэс төгсгөлгүй бодолд автсан нь дээрх аж…

 

Бүсгүй залууг харахад гүн бодолд автсан нь илэрхий тул саад болохыг хүссэнгүй. Өөрийг нь мөн бодол эзэмдлээ…

 

…Түр зуурын шохоорхол байсан гэж үү? Өмнө нь мессеж бичиж, утсаар ярихыг нь хором бүрт хүлээж, холбоогүй удвал санан, хааяа нууцхан гомдож, уулзахыг ямагт хүсэн, унтахдаа зүүдлэж хонодогсон. Харин одоо хажууд байхад ч догдлохгүй юм, хаяад явсан ч тоохгүй л болов уу, хаачивдаа өнөөх мэдрэмж минь. Шохоорхол л байсан нь тодорхой байна, шуудхан хайргүйгээ хэлсэн нь дээр. Угаас надад сайнгүй санагддаг, уурлаж бухимдаад байхгүй биз. Ер нь л маргааш үнэнээ хэлье, ерөөсөө ч дахиж уулзахгүй ээ гэж….

 

….”Салхинд гарах сайхан байна шүү. Даанч оройтчихлоо. Одоо хоёулаа харих уу даа?” хэмээн залууд хэлэхэд тэрээр энэ л үгийг хүлээж байсан мэт машинаа хурдхан асаан хөдөллөө. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч байхыг харсан бүсгүй “Ашгүй надаас саллаа гэсэн шиг яасан баясгалантай байх юм” хэмээн бодож амжив.

 

Бүсгүйн залууг гэх хайр жаргах хараахан болоогүй ч илч нь хэдийнээ буурсан байлаа….

2011-02-28 


Comments


Бичлэг: 12 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax